Орос, Украины хоорондын зөрчил, тэмцлийг зохицуулах, дайныг зогсоох зорилгоор АНУ санаачилж, 28 зүйл заалт бүхий төлөвлөгөө боловсруулснаа энэ сарын 21-нд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон тү мэнд хүргэжээ. “Financial times” сонинд мэдээлснээр энэ төлөвлөгөөг ойрын үед талуудаар зөвшөөрүүлэхийн тулд Трампын засаг захиргаа Украины эрх баригчдад хүчтэй дарамт шахалт үзүүлж байгаа аж. Украины төрийн ажилтнуудын ярьснаас үзвэл энэ сарын 27-нд тэмдэглэх Талархлын өдрөөс өмнө Украины Ерөнхийлөгчийг уг төлөвлөгөөг зөвшөөрч гарын үсэг зурна гэж Цагаан ордон хү лээж байгаа юм байна. Дээр нэрийг нь дурдсан хэвлэлийн сурвалжлагчтай ярилцсан хүний хэлснээр АНУ-ын Хуурай замын цэргийнкомандлагч Дэн Дрисколл тэргүүтэй Америкийн цэргийн өндөр албаны төлөөлөгчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа төлөвлөгөөг түүнд албан ёсоор танилцуулжээ.
Төлөвлөгөөнд тусгаснаар Крым, Луганск, Донецкийг Америкийн тал үндсэндээ Оросын газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Херсон, Запорож мужуудыг одоогийн фронтын шугамаар хуваах аж. Цэргийн шинжээч Алексей Леонковын бичснээр эдгээр муж нь нэгэнт ОХУ-ын бүрэлдэхүүнд орчихоод байгаа аж. Эзэлж аваад байгаа Украины бусад газар нутгийг өөрийн болгохоос Орос татгалзах нь. Донецк мужийн одоо хяналтанд нь байгаа нутгаас Украин цэргээ гаргах гэнэ. Украины зэвсэгт хүчин одоо 800-850 мянган цэрэгтэй байгааг цаашдаа 600 мянгаас хэтрүүлэхгүй юм байна. НАТО-д нэгдэхгүйгээ Украин Үндсэн хуулиараа баталгаажуулж, харин Европын Холбоонд нэгдэх эрхтэй байх бөгөөд НАТО ч Украиныг эгнээндээ оруулгүйгээ дүрмэндээ тусгах нь зүйтэй гэж үзжээ. НАТО бас Украины газар нутаг дээр цэргээ байршуулахгүй, сөнөөгч онгоцнууд нь Польшид байрлах юм байна. Европ хийгээд Украин руу Орос довтлохгүй, Украин ч Орос руу цөмөрч орохгүй, үүнийг зөрчвөл аюулгүй байдлын баталгаагүй болно. НАТО хүрээгээ тэлэхгүй байхаар төлөвлөгөөнд оруулжээ.
Хилийн чанадад байгаа Оросын царцаасан хөрөнгийн 100 тэрбум ам.долларыг Украинд сэргээн босголт хийхэд зарцуулах бөгөөд энэ ажиллагааг АНУ удирдаж түүнээс олох орлогын 50 хувийг авах аж. Европ бас сэргээн босголтод зориулж 100 тэрбум ам.доллар өгнө. Оросын царцаасан хөрөнгийн үлдсэн хэсгийг АмерикОросын хөрөнгө оруулалтын сангийнх болгож, хамтарсан төслийг санхүүжүүлэхэд зориулна. Орост тавьсан хоригуудыг цуцалж, ОХУ-ыг дэлхийн эдийн засгийн интеграцад оруулж, “Их найм”-д буцаж ирэхийг санал болгоно. АНУ, ОХУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, түүнд хяналт тавих тухай гэрээг сунгахаар тохиролцоно. Запорожийн атомын цахилгаан станц МАГАТЭ-(Олон улсын атомын эрчим хүчний агентлаг)-гийн хяналт дор ажиллаж, гаргасан эрчим хүчийг нь Орос, Украин улсууд тэнцүү хувааж ашиглана. Энэ төлөвлөгөөнд гарын зураг зурснаас хойш 100 хоногийн дараа Украинд сонгууль явуулна. Энэ баримт бичгийг талууд хүлээн зөвшөөрмөгц гал зогсооно.
АНУ-ны санал болгоод буй энхийн төлөвлөгөө товчдоо ийм агуулгатай. “Хэргийн эзэд”-Орос, Украин энэ төлөвлөгөөнд хэрхэн хандаж байна вэ? Америкийн цэргийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Украины Ерөнхийлөгч Зеленский “талууд энхийн төлөвлөгөөн дээр ажиллана, одоогоор Украин тодорхой мэдээлэл хийхгүй” гэсэн. Тэгэхдээ энэ нь уг төлөвлөгөөний талаарх түүний эцсийн, албан ёсны байр суурь мэдээж биш. НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч хатагтай Христина Гайовишин Аюулгүйн зөвлөл дээр мэдэгдэхдээ, энхийн төлөвлөгөөг тус улсын тусгаар тогтнолд хийж буй халдлага, НАТО-д Украин элсэхийг хориглох, Зэвсэгт хүчний алба хаагчдын нь тоог цөөлөхийг зөвшөөрөхгүй гэсэн байна лээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустам Умеров Америкийн албаны хүмүүстэй уулзахдаа төлөвлөгөөний ихээхэн хэсгийг дэмжсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт хэлсэн байх юм. Тэгэхдээ төлөвлөгөөний аль нэг заалтын талаар үнэлгээ өгч, зөвшөөрөх, эсэх тухайд үгээ хэлэх нь миний бүрэн эрхэд хамгаарахгүй гэж Умеров мэдэгдсэн байна.
Владимир Зеленский энэ сарын 21-нд төлөвлөгөөний талаарх санал бодлоо Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц нартай солилцжээ. Европын холбоотнууд нь төлөвлөгөөний гол гол заалтыг Киевт Вашингтон дарамт үзүүлсэн агуулгатай байна хэмээн эсэргүүцэж, Украины зэвсэгт хүчин улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадахуйц хүч чадалтай байх ёстой гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын үзэж буйгаар АНУ тагнуулын мэдээлэл солилцох, Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Киев хэрэв төлөвлөгөөг зөвшөөрөхгүй бол бүх үйл явцаас гарахаар сүрдүүлсэн байна.
Төлөвлөгөөтэй холбоотойгоор энэ сарын 21-ний орой Зеленский ард түмэндээ хандаж үг хэлжээ. Тэрбээр нэр төрөө алдах, эсвэл гол түншээсээ салах хүнд сонголтын өмнө Украин улс очих нь гэж мэдэгдээд, энхийн төлөвлөгөөнд украинчуудын нэр төр, эрх чөлөөний тухай хоёр заалт оруулахын төлөө тэмцэнэ хэмээн амласан байна. Украины улс төрийн судалгааны “Пент” төвийн тэргүүн Владимир Фесенко “Энэ төлөвлөгөөнд Трампын засаг захиргаанд угийн л байдаг ихээхэн бизнесийн чанартай заалт олон байна” гэж дүгнэжээ. Тэгээд жишээ болгож сэргээн босгох, барьж байгуулах төслийн ихэнх нь арилжааны бус юм чинь Трамп тэднээс яаж ашиг хүртэх гэсэн юм бол хэмээн гайхширчээ. Энэ төлөвлөгөө хэрэгжихгүй, нэг талын буултыг хүлээн авах учиргүй гэж тэр дүгнэсэн байна. Төлөвлөгөөний олон заалт Европтой холбоотой байгаа болохоор түүний талаарх яриа хэлэлцээнд энэ бүс нутгийн орнууд оролцох ёстой гэж Фесенко үзжээ.
Төлөвлөгөөний тухай анхны тайлбараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 21-ний орой Аюулгүй байдлын зөвлөлийнхөө байнгын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлжээ. Уг төлөвлөгөөг тэрбээр Трамптай Аляскад уулзахаас нь өмнө ярилцаж байсан төлөвлөгөөний “шинэчлэн өөрчилсөн” хувилбар гэж үзсэн байна. Владимир Путин “Өрнөд” хэмээх цэргийн бүлэглэлийнхээ командын байранд очсоныг Трампын санал болгосон төлөвлөгөөнд өгсөн нэг ёсны хариулт гэж үзэж буй юм. Тэрбээр энд хэлсэн үгнийхээ төгсгөлд “Цэргийн тусгай ажиллагаа тавьсан зорилгодоо хүрэх болно” гэсэн байна. Украины армийн цэргийн тоог цөөлөхийг Орос шаарддаг. Дайн эхлэхээс өмнө Украины арми 240 мянган цэрэгтэй байсан. Гэтэл америкчууд энэ тоог 600 мянга болгоно гэж буй нь 2.5 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнийг хүлээж авахгүй. Украины газар нутгийг тэлэх гэж буй нь биднийг дээрэмдэж буй хэрэг. Путин ийм байр сууртай байна. Түүний хэлснээс үзвэл байлдааныг тэрбээр цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа нь илт.
Европын орнуудын удирдагчдын үзэж буйгаар Дональд Трамп, Владимир Путин нарын итгэмжлэгдсэн хүмүүсийн боловсруулсан энэ энхийн төлөвлөгөө гэгчийг Орос, Украин улсууд төдийгүй Европ ч хүлээж авахгүй бололтой байна. Германы FAZ сонинд Украины аюулгүй байдлыг Америкийн цэргийг Украинд байрлуулж байж хангана гэж Трамп үзэж буй юм байна гэж үзсэн бол “Die Sьddeutsche Zeitung” сонин энэ төлөвлөгөөний эхэнд “Энхийн төлөвлөгөө” гэж бичээд дор нь “Украин бууж өгч байна” гээд эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэсэн гарын үсэг байх юм байна гэсэн байна.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро “Украин бууж өгөх замаар” энэ төлөвлөгөө хэрэгжих боломжгүй гэж хэлжээ. Оросын армийн алба хаагчдын тоог Украиных шиг мөн 600 мянга болгох (одоо 1.5 сая байгааг) ёстой гэж “Новая Европа” хэвлэлд ярилцлага өгсөн эх сурвалж тэмдэглэсэн байна. Армид алба хаагчдын тоо бол Украины аюулгүй байдлын тулгын чулуу гэж цэргийн шинжээч Иван Ступак сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.