Манай улсын, зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгж одоогоор 57 932 толгой хонийг Бүгд Найрамдах Узбекистан Улс руу экспортлоод байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Тээвэрлэх явцад хорогдсон 56 малын сэг зэмийг бүрэн устгасан байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, БНУУ-тай хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх боломжийг нэмэх хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд өнгөрсөн есдүгээр сараас Төв аймгийн Мал эмнэлгийн газар хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэм сахиулж, түүвэрчилсэн аргаар үржлийн зориулалтаар экспортлох хонины үзлэг хийж, ариутган халдваргүйтгэж, нийлүүлсэн байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 20-ны байдлаар манай улс БНХАУ руу 2700 орчим хонь нийлүүлсэн бөгөөд малын экспорт жил бүрийн 10-1 дүгээр сард идэвхтэй үргэлжилдэг.