Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгээд байна. Мөн энэ үеэр “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулан шагнажээ. Ингэхдээ уран бүтээлч, багш, сурагч, оюутан гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
14 дэх жилдээ зохион байгуулж буй эл үзэсгэлэнд Монголын төдийгүй Буриад, Халимаг, ӨМӨЗО-ы мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг нийтэд толилуулж буйгаараа онцлогтой. Мөн Монголын филателийн холбооны хүндэт гишүүн Д.Дашжавын “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт шуудангийн марк дэлгэсэн аж.
Энэхүү үзэсгэлэнг ирэх сарын 5-ныг хүртэл олны хүртээл болгох бөгөөд монгол хүний оюуны дархлаа, үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурталчлах зорилготой юм. Мөн үндэснийхээ бичиг соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалж, хүүхэд залуучуудад сурах, судлах хүсэл эрмэлзлийг бий болгож, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын авьяас чадварыг дэмжихэд голчлон чиглэдэг. Үүний хүрээнд үндэсний бичиг үсгээ сурч буй сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм.
У.Сүрэн