Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийнхэн гүйцэтгэсэн байна. Уг судалгааны үр дүнг тус хүрээлэнгийнхэн салбарын яамны удирдлагуудад өчигдөр танилцуулав. 2019 оныг 2024 оныхтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсрэгээрээ таван хувиар өссөн байна. Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг эл судалгаа харуулж буй юм. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцохгүйгээс, 21.5 хувь нь мөнгө, санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэжээ. Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашигладаг онол арга зүй, аргачлалын дагуу боловсруулсан бөгөөд нийт 2184 өрх хамрагдсаны 40.4 хувь нь нийслэл, 59.6 хувь нь орон нутгийнх байжээ.
Гэр бүл төлөвлөлт нь орчин үед маш чухал асуудал болсон төдийгүй хүүхдийн эндэгдэл, үр хөндөлт буурах, эх, үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үздэг. 2010 онд хийсэн судалгааны дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө, санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол энэ удаа ч мөн адилхан гарчээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөнгө, санхүүгийн гачигдал, байр, орон сууцын асуудал гэж онцолсон байна.
Ч.Болор