Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг туулийг хайллаа. Баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, тэдэнд уламжлуулан, хадгалуулах нь тус арга хэмжээний зорилго юм. Тууль хайлах зан үйл, “Хаан Чингэл баатар”-ын талаар болон туульчдыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Баясгалан танилцуулсан бол туулийн онцлогийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И.Даваадорж дэлгэрүүллээ. Монгол Улсын консерваторын багш, морин хуурч, хөөмийч А.Маргад “Чингис хааны магтаал” хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтайн магтаал” болон “Хаан Чингэл баатар”-ыг хайлав. Баатарлаг тууль нь хамтын үйл хэрэг, дайсны эсрэг хүчээ нэгтгэснээр ялалт байгуулж буй тухай өгүүлж, эв эеэ хичээн, нэгдэн нягтрахыг зааж сургасан, нөхөрлөл, эв нэгдлийн сэдэвтэй, баяд, дөрвөд, урианхай туульчдын урын сангаар уламжлагдан ирсэн байдаг.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн 2019 оны “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн өвөл, хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр баатарлаг туульс хайлдаг болсон билээ. Уг уламжлалт ёслолыг өнөө жил Богд хааны ордон музей, ШУА, МУИС-ийнхан хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
М.Гэгээ