Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар иргэн, аж ахуйн нэгжид олгодог байгаль орчны зөвшөөрлийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Тус ажлын хэсэг хуралдаж, яамнаас олгож буй нийт 28 нэр, төрлийн тусгай болон энгийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг шинэчлэн, холбогдох хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, мэдээллийн санг нэгтгэн “И-Монголиа”-гаар дамжуулан нэг цонхоор хүргэж, давхардсан шат дамжлага, шаардлагагүй бичиг баримтыг цөөлөхөөр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх гэнэ.
Ингэснээр байгаль орчны салбарын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон эх сурвалжаас цуглуулах шаардлагагүй болж, нэгдсэн платформоор авах боломж бүрдэх юм. Мөн төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй, хурдтай болж, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх хүндрэл, чирэгдэл бодитоор буурах давуу талтай аж.
У.Сүрэн