Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медальхүртээлээ. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Төрийн тэргүүн Хөдөлмөрийн баатар цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон домог зүй, бэлгэдлийн цуврал судалгаандаа суурилсан онол, үзэл баримтлал боловсруулсан, олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг, чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан түүний хувьнэмрийг ийнхүү үнэлжээ.
Мөн Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Т.Батсүхийг Ардын багш цолоор шагнасан юм. Энэ өдөр салбар бүрээс нийт 15 хүнд гавьяат цол олголоо. Тухайлбал, ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Ж.Гунгаасүрэнг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ерөнхий прокурор асан, ахмад хуульч Г.Бахдалыг Гавьяат хуульч, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Х.Цогтбаатарыг Шинжлэх ухааны гавьяат, “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Д.Цэрэннадмидыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч О.Норолхоо, Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Н.Ашид нарыг Гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.
“UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Рокмон” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбаяр, “Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч О.Гэрэлтуяа, “Алтангадас” одонгоор “Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал А.Наранбаатар, “Чандманьцирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Ц.Доржбат нарыг шагнасан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медальхүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
С.Уул