Болзооны мөн чанарыг онлайн платформууд үндсээр нь өөрчилжээ. Хүмүүстэй танилцаж, дотносох нь урьд хожид хэзээ ч ийм хялбар байсангүй. Фэйсбүүк, инстаграмм, Тик ток зэрэг өргөн хэрэглээний платформоос гадна төрөл бүрийн болзооны аппликэйшнээр дамжуулан хүмүүс хоорондоо холбоо тогтоож, болзож буй. Тэр байтугай, эдгээрийн тусламжтайгаар гэр бүл зохион, насан туршийн хамтрагчаа олсон нь ч цөөнгүй бий шүү дээ. Ингээд дижитал эриндэх хайр сэтгэл, болзооны харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэ содон хандлагын талаар сонирхуулъя.
ЗАХ ХЯЗГААРГҮЙ СОНГОЛТ
Сүүлийн жилүүдэд цахим болзооны соёл дэлхийд эрчимтэй хөгжиж, 20-35 насны залуучууд болзооны аппликэйшн ашиглах нь түгээмэл болжээ. Цаг хугацаа хэмнэх, яг л өөрийн хүсэл сонирхолд нийцсэн хүнтэй хялбар холбоо тогтоох боломжтой зэрэг нь эдгээрийн онцлог, давуу тал. Тухайлбал, монгол залуус дэлхийн номер нэг болзооны аппликэйшн болох “Tinder”, ОХУ-д түгээмэл ашигладаг “Badoo”, эмэгтэйчүүдэд илүү аюулгүйгэгдэх “Bumble”, азиуд дундаа “од” “Tantan”, нэгнээ гадна төрхөөр бус, дотоод ертөнцөөр нь таних, шохоорхох боломж олгодог “Okcupid”, удаан хугацааны, нухацтай харилцаа үүсгэх сонирхолтой хүмүүст тохиромжтой “Hinge” зэрэг болзооны платформыг нийтлэг ашигладаг байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй цахим хэрэгслүүд хэрэглэгчдийн мэдээлэл, бүртгэл, зан төлөв, үйлдэлд үндэслэн тэдний сонирхлыг урьдчилан таамаглах алгоритмтай. Яг үүншиг болзооны аппликэйшнүүд ч эл төрлийн функцтэй ба таны үзсэн контент, “таалагдлаа” товч дарсан постод тулгуурлан хэнийг санал болгохыг шийддэг гэсэн үг. Тиймээс дэлхий даяар 350 сая гаруй хэрэглэгчтэй болоод буй болзооны аппликэйшнүүд орчин үеийн романтик харилцааны соёлыг тодорхойлогч маргаангүй мөн төдийгүй зах зээл болтлоо хөгжсөнийг “The Guardian” сэтгүүлд онцолжээ.
Үүнийг даган онлайн харилцааны шинэ “хэл” бий болсныг ч энд дурдах нь зөв. Тухайлбал, зурвасдаа эможи ашиглах нь ярианы өнгө аясыг илүү зөөллөдөг бол төвийг сахисан хэллэгтэй мессеж нь хүнийг ууртай гэж ойлгуулж болох жишээтэй. Онлайн байгаа хэр нь зурваст хариулахгүй бол “Энэ хүн намайг сонирхохгүй байна. Би түүнд таалагдахаа больжээ” зэрэг бодол төрүүлдэг аж. Энгийн дуут мессеж, видео дуудлага нь дотно харилцааны илэрхийлэл гэгдэх болжээ. Үүгээр тогтохгүй “Ghosting” буюу ямар ч тайлбаргүйгээр харилцаагаа таслах, “Breadcrumbing” буюу өөх ч биш, булчирхайч биш харилцаатай явах, “Situationship” буюу найзалж, нөхөрлөж, хамтдаа цагийг өнгөрөөдөг хэр нь заримдаа түүнээс дотно байдаг зэрэг дижитал хэрэгслийг дагасан харилцааны төрөл бүрийн хэлбэр бий болов. Z үеийнхний 30-40 хувь нь эдгээр харилцааны аль нэгэнд байсангэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, гэрлэж, гэр бүл болохын төлөө бус, өөрийгөө болон бусдыг танин мэдэхийн тулд болзох нь орчин үед түгээмэл болсонгэнэ. Түүнчлэн 19-40 насныхан зорилго, амьдралын хэв маяг, үнэт зүйлсдээ нийцсэн нэгнийг хамтрагчаараа сонгох хандлага давамгайлах болсон ба “сохор” дурлалаар амьдралаа эхлүүлэхээс илүүтэйэл шийдвэрт ухамсар, логиктой хандахыг чухалчилдаг болсныг нийгмийн сэтгэл зүйн судалгаануудад дурджээ.
Гэвч онлайн болзооны аппликэйшнүүд романтик харилцааны утга, үнэ цэнийг аажим аажмаар алдагдуулж, хүмүүсийн ганцаардал, сэтгэл гутралд нөлөөлж буйг нийгмийн сэтгэл судлаачид шүүмжилж байгаа юм. ДЭМБ-ын энэ оны судалгаанд дурдсанчлан 13-29 насныхны таван хүн тутмын нэг нь ганцаардал, сэтгэл гутралтай буюу хүмүүс бие биетэйгээ харилцаа холбоотогтоох цар хүрээ өргөжсөн ч энэ нь сэтгэл зүйн байдлыг дээрдүүлж чадахгүй байгааг харуулж буй хэмээн олон нийт үзжээ. Онлайнаар харилцах нь илүү хялбар байж болох ч нүүр тулж уулзах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, гүн бат харилцаа үүсгэх үндэс болдог хэмээсэн. Түүнчлэн сошиал медиа дахь “төгс” байдал нь хамтрагчаа бусадтай харьцуулах, харилцаандаа сэтгэл ханамжгүй байхад хөтөлж буйг ч сануулахад илүүдэхгүй.
ОНЛАЙН БОЛЗООНЫ ДАВУУ БА СУЛ ТАЛ
Болзооны аппликэйшн нь орчин үеийн залуусын романтик харилцаанд томоохон хувь нэмэр оруулж буйн нэг нь танилын хүрээг хязгааргүй өргөжүүлж, өөрийн сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн хүнтэй холбогдох боломжийг олгодогт оршино. Мөн алгоритмын тусламжтайгаар хэрэглэгчийн зан төлөвт нийцсэн хүмүүсийг олж, хурдан танилцах боломжтой нь орчин үеийн зав, чөлөөгүй амьдралд тохирсон үр ашигтай арга юм.
Гэвч зарим судалгаагаар болзооны платформ ашигласнаар залуусын дунд түр зуурын, богино хугацааны хөнгөмсөг харилцаа давамгайлах, өөрийгөө бусадтай харьцуулах замаар дутуу үнэлэх, ганцаардал, сэтгэл гутралд өртөх зэрэг сөрөг үр дагавар үүсгэж буй. Мөн цахим танилцуулга, зурагт тулгуурласан зах хязгааргүй сонголт нь хүний зан чанар, үнэт зүйлсийг бүрэн илэрхийлж чадахгүй ба романтик харилцааны гүнзгий холбоо бий болгох боломжийг хязгаарладаг байна.
АНУ-д төвтэй “Pew” агентлагийн хийсэн судалгаанд дурдсанчлан, 20-35 насны залуучуудын 35 хувь нь хүмүүстэй биечлэн танилцахаас илүүтэй сошиал медиагаар харилцах нь илүү тухтай гэж хариулжээ. Түүнчлэн хостой хүмүүсийн 85 хувь нь хамтрагчаасаа өдөрт дор хаяж нэг удаа мэдээлэл авч, юу хийж буйг нь мэдэхийг хүсдэг аж. Онлайн болзоо нь хүмүүст боломж, цаг, сонголт өгч, орчин үеийн залуусын амьдралд нийцсэн хэрэгсэл болсон ч харилцааны тогтвортой байдал, итгэлцлийг сулруулах эрсдэл дагуулж байна. Иймд хэрэглэгчид зөвхөн технологид найдах бус, харилцааны үнэт зүйл, бие биетэйгээ цагийг өнгөрөөх боломжийг давхар эрхэмлэх нь чухал гэдгийг сануулах нь зөв.
Д.Хэрлэн