Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах “Wang fuk court” орон сууцын хороололд уржигдар томоохон хэмжээний гал гарсны улмаас 44 хүн нас барж, 279 иргэн сураггүй алга болжээ. Албаныхны мэдээлснээр 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс 45-ынх нь биеийн байдал өдгөө хүнд байгаа гэнэ. Галыг унтраахаар 700 гал сөнөөгч 10 гаруй цаг ажилласан бөгөөд энэ үеэр нэг аврагч амиа алджээ.
Орон нутгийн цагаар уржигдар 14.51 цагт эхэлсэн гал маш хурдан тархаж, тус хорооллын найман орон сууцын долоог нь хамарсан аж. Эл хороололд нийт 2000 гаруй өрх амьдардаг бөгөөд галын улмаас 900 орчим оршин суугчийг хоргодох байр луу нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсын Онцгой байдлын газраас эхлээд нэгдүгээр түвшний түгшүүр зарласан бол 18.22 цагт тавдугаар буюу хамгийн дээд ангилалд шилжүүлсэн байна. Хонконгод гал түймрийг 1-5 түвшнээр ангилдаг бөгөөд тоо ахих тусам аюулын түвшин нэмэгддэг бөгөөд хамгийн сүүлд буюу 17 жилийн өмнө тавдугаар түвшний сэрэмжлүүлэг гаргаж байв.
“Wang fuk court” орон сууцын хороололд 2024 оны долоодугаар сараас эхлэн гадна талын засварын ажил эхлүүлсэн бөгөөд барилгуудыг хулсан шат, ногоон тороор бүрсэн байж. Хонконгийн захиргаа түймрийн шалтгааныг одоогоор олж тогтоогоогүй ч барилгын гадна талын модон хамгаалалт, хөөсөнцөр зэрэг нь гал хурдан тархах үндсэн хүчин зүйл болсон байх магадлалтай гэв.
Хятадын эх газрын хилд ойр байрлах Тай По нь 300 000 орчим хүн амтай, хотын захын дүүрэг бөгөөд Засгийн газрын дэмжлэгтэй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Wang fuk court” цогцолборыг барьжээ.
Э.Сүйлэн