Тусгай хэрэгцээт иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, болзошгүй гал түймэр, ослын үед бэлэн байдлыг хангах, тэдний сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгсэл гардуулан өгөв. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг ойлголттой болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд эхний ээлжид тусгай хэрэгцээт хүүхдүүд сурдаг нэг цэцэрлэг, хоёр сургуульд гал унтраах анхан шатны зургаан төрлийн 213 ширхэг багаж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөмж хүргүүлжээ. Цаашид энэ чиглэлээр ажилладаг боловсролын бүхий л байгууллагад дээрх багажийг олгох юм байна.
Ч.Туяа