БОУАӨЯ-наас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийснээ мэдээллээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгасан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой байсан зэрэг зөрчил дутагдал илрүүлсэн аж.
Улсын хэмжээнд илэрсэн зөрчлийн дагуу 268 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 1008 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулж, хөрс бохирдуулсан, холбогдох хууль, тогтоомж зөрчсөнд нь торгуулийн арга хэмжээ авчээ. Тухайлбал, хөрс бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож 216 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Энэхүү хяналт шалгалтын үр дүнд улсын хэмжээнд 229 нүхэн жорлонг буулгаж, бохирдсон 1.2 га талбайд мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэжээ.
О.ОРГИЛОХ