УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой мэдээлэл сонссон байна. Булган, Хөвсгөл, Баянхонгор аймагт Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутаг дахь төлөөлөгчид нь хэлж буй учраас сөрөг хүчнийхэн энэ талаар тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн аж. Нэг намын дарга бичиг илгээмэгц л Төрийн албаны зөвлөлийнхөн хууль бус шийдвэр гаргадаг байдал газар авсан гэнэ. Уг асуудлаар ирэх долоо хоногт нэмэлт мэдээлэл сонсож, илүү сайн судлах хэрэгтэй гэж АН-ын бүлгээс үзжээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, эдгээр хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн бүлгийнхээ хуралд мэдээлэл өгчээ.