Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр “И-монголиа” системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ. Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөхөөр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбарт биечлэн хандах шаардлагатай байв. Улаанбаатар хотод гэхэд энэ үйлчилгээг 21 салбараар дамжуулан жилд дунджаар 318 000 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилж байсан гэнэ. Ийнхүү тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэн, бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг бууруулах боломжтойг ЗТЯнаас мэдээллээ.
С.Дулам