Хувийн цэцэрлэгийн холбооноос тулгамдаж буй асуудлынхаа талаар өчигдөр Сангийн яамд мэдэгдэл хүргүүлж, зарим байгууллагын багш, ажилтан албаныхантай уулзжээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын хувьсах зардлыг нь олгоогүйгээс багш нарын цалинг тавьж чадаагүй гэнэ. Харин Сангийн яамнаас арваннэгдүгээр сарын санхүүжилтийг энэ сарын 5, 25-нд ирэх сарынхыг олгоно гэсэн хариу өгчээ. Хувийн хэвшлийн 8000 гаруй багш цалингаа хүлээж сууна, хэрэв хэлсэн цагтаа санхүүжилт олгохгүй бол ажил хаяна хэмээн цэцэрлэг төлөөлж ирсэн багш нар хэлэв. Энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад “2025-2026 оны хичээлийн жилд нийт 353 хувийн цэцэрлэгт улсаас хувьсах зардал олгосон. Үүний 343 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр цэцэрлэгт багш, ажилтны цалин, урсгал зардлаа өөрсдөө зохицуулах ёстой. Хувьсах зардлын тухайд хугацаа хоцорсон байх” гэв. Дашрамд, хувийн хэвшлийн цэцэрлэгийнхэн хамран сургах тойргийн хүүхдүүдийн төлбөрийг 50 хувь чөлөөлдөг аж.
Ч.ЦЭЛМЭГ