Австралийн Сиднейн баруун хойд хэсэгт орших Сент Мэри хотын химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр өнгөрсөн бямба гарагийн шөнө дэлбэрч, улмаар түймэр гарчээ. Австралийн онцгой байдлын албанаас мэдээлснээр уг үйлдвэрт хадгалж байсан химийн бодистой сав дэлбэрч, агаарт шидэгдсэний улмаас 100-150 метрийн өндөртэй галын бөмбөг агаар мандалд үүсгэсэн гэнэ. Энэ үеэр хүний амь эрсдээгүй ч хоёр гал сөнөөгч хүнд гэмтсэн байна. Галыг бүрэн унтраахын тулд 200 гаруй аврагч 12 цагийн турш тасралтгүй ажилласан бөгөөд эл үйл явдал нь тус бүс нутагт сүүлийн жилүүдэд гарсан томоохон түймрийн нэг болжээ. Түймрийн шалтгааныг одоогоор тодорхойлоогүй бөгөөд эрх бүхий байгууллагууд үйл явдлын нарийн учрыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд буй гэнэ.
Үйлдвэр дэлбэрсэнтэй холбоотойгоор галын голомтоос 200 метрийн зайд аюулгүй байдлын зурвас татаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн аж. Иймд орон нутгийн иргэд, олон нийтэд хандаж, агаар мандалд тархсан химийн бодис болон утаанаас үүдэн цонх, хаалгаа онгойлгохгүй, гадаа гарахгүй байхыг анхааруулсан байна.
Э.Сүйлэн