Манай улс “Цахимаар нэн түрүүнд” бодлого боловсруулан, өнгөрсөн есдүгээр сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегиэ баталж, ирэх таван жилд хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Үүний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлэх юм. Тэгвэл эл зорилтыг хангахаар манай улс дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Оракл” компанийн “Skills development initiative” санаачилгад албан ёсоор нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүлснийг ЦХИХХЯ-наас өчигдөр мэдээллээ. Ингэснээр тус компанийн “Oracle academy” хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх боломж бүрдэв.
“Oracle academy” хөтөлбөрт эмч, багш зэрэг төрийн албан хаагч, иргэдийг хамруулж, тэдний цахим ур чадварыг сайжруулах бөгөөд олон улсын түвшний сургалтын модуль, дижитал платформуудыг 60 000 хүн нэг дор, үнэ төлбөргүй ашиглахаар болж байна. Цаашлаад залуус өдөр тутмын амьдралдаа өгөгдлийн сан, хиймэл оюуныг ашиглах, өгөгдлийн менежмент, аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэх үүд хаалга нээгдэж буйг албаныхан онцоллоо. Мөн улсын дижитал хөгжил, технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргах стратегийн чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа боллоо гэдгийг нэмж тодотгов.
М.Гэгээ