Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон. Гэлээ ч Ерөнхийлөгч найзыгаа хамгаалахыг хичээж, энхийн төлөвлөгөөний асуудлаар АНУ-тай хэлэлцээр хийхийг түүнд даалгажээ. Нэгжлэгийн дараа гарцаагүй халагдах болоход Ермак “2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Киевт байгаа миний нэр төрийг хамгаалалгүй шившиг болголоо. Тиймээс Зеленскийд төвөг уч руулахыг хүсэхгүй, фронт руу явна. Үнэнийг мэддэг байгаа хүмүүс намайг дэмжихгүй байгаад гайхаж байна” гэж мэдэгджээ. Эцсийн мөч ирэхэд түүний дэмжлэгээр хоолонд хүрсэн, бүр дэвжиж дээшилсэн хүмүүсийн нэг нь ч Ермакийг хамгаалсангүй. Түүнд зүтгэж байсан олон зуун хүнээс нэг нь ч үлдэлгүй алга болсон байлаа. АНУ-тай хэлэлцээр хийх Украины төлөөлөгчдийг “Энергоатом”-ын хэрэгт ч нэр нь гараад байгаа Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүлэх болжээ.
Зеленскийг улс төрд орж ирэхээс өмнө Ермак түүнтэй нөхөрлөсөн байж. Тамгын газрынх нь даргаар бусдаас илүү удаан ажиллаж, “Дэд Ерөнхийлөгч” болон ердөө л “хоёрдугаар хүн” гэж нэрлэгддэг Ермакийг халах талаарх санааг дээд зиндааныхнаас хэн ч хэлж зүрхэлдэггүй байтал Ерөнхий сайдын орлогч Михаил Фёдоров анхлан энэ тухай Ерөнхийлөгчийн чихэнд “шивнэсэн” байна. Энэ нь Тимур Миндичийн явдалтай холбоотой байв. Хэл ам хүчээ авсаар Ермакийн эсрэг бүхэл бү тэн эвсэл бий болох хэмжээнд хүрчээ. Гэлээ ч тодорхой нотолгоогүйгээр Ермакийг халах талаар яриа байхгүй гэж Зеленский хэлдэг байв. Тэгтэл тэр өглөө Авлигын эсрэг тэмцэх тов чооныхон нэгжлэг хийхээр Ермак руу ирж, дараа нь Зеленский шийдвэрээ гаргахаас аргагүй болжээ. Ермак ч ер хэл ам хийсэнгүй огцрох тухай өргөдлөө бичиж, эд зүйлсээ янзлав. Төрийн удирдлагын өндөр түвшний зөвшөөрөлгүйгээр дээд зиндааныхан авлигын хэрэгт оролцох боломжгүй гэх үзэл бодол Украины улс төрийн хүрээлэлд түгээмэл байдаг. “Өндөр түвшин”-ий гэдэгт юуны урд Андрей Ермак ордог аж.
Зеленскийн бас нэг дотны хүн Тимур Миндич Авлигатай тэмцэх товчооны ажилтнуудын хараанд энэ оны долоодугаар сарын эцсээр өртжээ. Зеленскийн ойрын хүрээллийнхэнтэй холбоотой фирмүүд дрон үйлдвэрлэхдээ олон тэрбумын авлига авсан гэх хэргээр тус Товчоо эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ Миндич гэгч Зеленскийн үүсгэн байгуулсан “Fire point” гэдэг агентлаг, “Квартал95” студи болон бусад олон компанийн хамтран эзэмшигч юм. 46 настай энэ бизнесмен Украины олигарх Игорь Коломойскийтой холбоо сүлбээтэй, итгэмжит хүн нь гэгдэж явжээ. Миндичийг эдний хүргэн ч гэгдэг байв. Тэрбээр Коломойский, Зеленский хоёрын хооронд ажил төрлийн асуудлаар зууч лагч болж байсан нь цөөнгүй.
Зеленский 2019 онд Ерөнхийлөгч болсноос хойш Миндич тэр хоёрын хооронд дотно харилцаа тогтож, бизнесмен маань Коломойскийн нөлөөллийн хүрээнээс холдож, Төрийн тэргүүний баруун гаруудын нэг болсон байна.
Чухам энэ үеэс түүнийг Ерөнхийлөгчийн “хэтэвч” гэх болжээ. Дээд Радагийн депутат байгаад Оросын ашиг тусын тулд улсаасаа урвасан гэгдэж 2023 оноос хоригдож буй Александр Дубинскийн нотолсноор Киев дэх Миндичийн гэрт Зеленский, Ермак болон өндөр албаны хүмүүс олонтаа уулздаг байжээ. Энэ байрны угаалгын өрөөнд алтан суултуур байсныг хэвлэлд нийтлэгдсэн зургаас олон түмэн мэдэх болсон байдаг. Миндич Украины зэвсэгт хүчний хэрэгцээнд барилга байгууламж босгож байсан аж ахуйн нэгжийн хөрөнгөөс хулгайлсан хэд хэдэн фирмтэй ихээхэн ойр холбоотой байжээ. Энэ нь дор хаяж 40 тэрбум гривен (960 сая орчим ам.доллар)-ий хохирол улсад учруулсан тухай ярьж буй хэрэг юм.
Батлан хамгаалах байгууллагын захиалгыг гүйцэтгэх Төрийн хөрөнгөөс хэрхэн завших төлөвлөгөөгөө хань нөхөдтэйгөө ярьж буй бичлэг нь авлигын эсрэг тэмцэгчдийн гарт орсноос Миндич анх тэдний хараанд өртөж удалгүй Украинаас зугтсан, одоо Австрид оршин байдаг аж. Миндич эх орондоо төдийгүй Америкийн Холбооны мөрдөх товчооны өдөөсөн эрүүгийн хэргийн холбоотон ч байж болзошгүй гэх чимээ бас дуулдаж буй. Тэгвэл түүнийг мөрдөх үйл ажиллагааг Цагаан ордны зүгээс Зеленский болон түүний засаг захиргаанд үзүүлэх дарамт шахалтад ашиглаж байх магадлалтай. Үүнээс үүдээд Миндичийн хэрэг дахин сонгогдох Зеленскийн боломжийг нойллоно гэж буй ч “Өрнөдийн орнууд Зеленскийг одоогийн албандаа байхыг илт дэмжиж буй болохоор сонгуулиар эрх мэдлээсээ салах аюул түүнд нүүрлэхгүй биз” хэмээн Оросын улс төрч Богдан Безпалько үзэж байна.
Андрей Ермак огцорсноор Украины Сайд нарын танхимд өөрчлөлт орох нь гарцаагүй бололтой. Ерөнхий сайд Юлия Свириденко яг огцорно гэх яриа одоогоор гараагүй ч Засгийн газрын бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт хийнэ гэдгийг Зеленский нэгэнт хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга огцорсон нь парламентад ихээхэн нөлөөлөх нигууртай. Юуны урд олонход шинэ уур амьсгал оруулж, тэр нь нөлөөллийн шинэ төвийн эргэн тойронд бий болох магадлалтай. Энэ төв Тамгын газрын шинэ тэргүүний орчимд эсвэл парламентын ханан дотор бий болж ч мэднэ. Хоёрт парламентад шинэ эвсэл үүсгэж магадгүй. Эцэст нь бүр эмх замбараагүй байдал бий болгохыг ч үгүйсгэхгүй гэж шинжээч, улс төрчид таамаглаж байна.
Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ дарга хэн болохоос, тэр хүн ямар бодлого явуулахаас олон зүйл шалтгаална гэх бодолтой хүн ч цөөнгүй. Ермак бол наанадаж 2019 оны намраас Украины гадаад бодлогод хамгийн их нөлөөтэй байсан хүн. Гадаад хэргийн ямар ч сайдаас илүү байсан гэж хэлж болно. Вашингтон болон Москватай Украин ямар харилцаатай байхыг дайн эхлэхээс өмнө ганцаар мэдэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр дэлхийн янз бүрийн өнцөг буланд, янз бүрийн түвшинд бусдаас илүү хэлхээ холбоотой, яриа хэлэлцээр хийх туршлагатай хүн байжээ. Хэвлэлд бичсэнээр бол дипломатын хувьд үйл ажиллагааных нь үр бүтээлийн тухай зарим нэг маргаан байж болох ч аливаа энхийн хэлэлцээр хийх талаарх мэдлэг, далайцын хувьд Украинд түүнтэй эгнэх хүн ховор гэнэ.
Тамгын газрынхаа шинэ даргыг томилох ажил одоо Зеленскийд тулгараад байна. Энэ суудал эзэнгүй байгаа. “Украинская правда” сонинд мэдээлснээс үзвэл Ерөнхий сайдын орлогч Михиал Фёдоров, Батлан хамгаалахын сайд Денис Шмыгаль, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын цэргийн асуудал хариуцсан орлогч Павел Палис, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Кислица, Тагнуулын Ерөнхий газрын дарга Кирилл Буданов, АНУ-д Элчин сайд байсан хатагтай Оксана Маркарова нар нэлээд магадлалтай нэр дэвшигчийн тоонд орж буй бололтой. Маркарова энэ яриаг няцаасан гэх боловч нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж буйгаас түүний байр суурь ч өөрчлөгдөж болзошгүй гэж буй аж. Зеленскийн хувьд Ермак олон нүглийг нь өөртөө үүрч, “аянга зайлуулагч”-ийн үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Оронд нь ирсэн хүн энэ үүргийг үүрээ ч үү, үгүй ч үү.
Эцэст нь тэмдэглэхэд Украины Ерөнхийлөг чийн ойрын хамтран зүтгэгчид баривчлагдаад л, огцроод л, эх орноосоо зугтаж гараад л, тэднийг Өрнөдөөс хандивласан юуны түрүүнд эрчим хүчний нь салбарт зориулсан хөрөнгөөс олон саяыг “идсэн” гэлцээд байна. Энэ бүхнийг Зеленский мэдэж байсан гэдэгт эргэлзэх зүйл өчүүхэн ч байхгүй. Өнгөрсөн зун уг хэргийг мөрдөн шалгах ажлыг зогсоохыг тэр оролдож байсан. Саяхан баатар байснаа одоо тэрбээр Украины авлигажсан дэглэмийн толгойлогч л гэж харагдах болоо шив гэж Афины “Naftemporiki” сонинд бичсэн байх юм.
Р.Жаргалант