Чингэлтэй дүүргийн нутагт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага уржигдар цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Лексус” загварын автомашины жолооч явган хүний гарцтай хэсэгт зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Мөрдөн шалгах хэлтэст уг хэргийг шалгаж буй.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдсан явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Гэвч эл дүрмийг мөрдөхгүй, гарцаар гарч яваа иргэдийг мөргөж, гэмтээх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж буйг цагдаагийн алба хаагчид сануулав. Энэ талаар ТЦАны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулахад “Энэ оны эхний 10 сарын байдлаар зам, тээврийн ослын шинжтэй 109 578 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Тодруулбал, 20 709 ослын улмаас 2990 хүн гэмтэж, 562 иргэн нас барсан байна. Үүнээс 120 нь явган зорчигч. Өөрөөр хэлбэл, явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа амиа алдсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2 хувиар өсжээ. Мөн хүүхэд өртсөн осол 875 бүртгэгдэж, 60 хүүхэд амиа алдсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрэм баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчих шаардлагатай” гэв.
Ч.Туяа