
Наполеон 1806
Хямд төлөв хувцас улс төрчдийг олон тү мэнд ойр дөт харагдуулдаг гэдэг. Төрийн удирдагчдын хэв маяг нь индэр дээрээс хэлж буй уран гоё уриалгаас нь илүү хүчтэй улс төрийн зэвсэг болдог. Олон жилийн өмнөх хувьсгалын үед ч, мэдээлэлд толгой эргэсэн өнөө цагт ч төлөв төвшин байдал итгэл төрүүлж, сонгогчид, улс төрчид хоёрын зайг ойртуулж “Би бол та нарын л нэг” гэж шивнэх шиг болдог байна. Чухам тийм учраас Махатма Ганди Британийн хаанд бараалхахдаа даруухан нөмрөгтэй байсан бол Владимир Ленин ёслолын хувцсаа ердийн хүрэм, эрүү малгайгаар сольж, Жон Кеннеди бүрх өмсөхөөс татгалзаж, Александр Окасио-Кортес өмсөх хувцсаа хямд бараатай дэлгүүрээс худалдаж авч байжээ.
Ер нь хувцас сонгуулийн өмнөх стратегийн чухал хэсэг болж, мэргэжлийн хүмүүсийн баг улс төрчдийн дүрийг бүтээхдээ хэл ярианд нь гэхээсээ илүү төрх төлөвт нь айхавтар анхаарч ирсэн байх юм. Хувцсыг улс төрд давхар зэвсэг болгон ашиглаж болохыг дэлхийн удирдагчид бүр хоёр зууны өмнөөс таамаглаж байжээ.
Францын хувьсгал ид оволзож байхад Наполеон Бонапарт хааны тансаг гял цал байдлаас илт ангижирсан байв. Өмнөх хаадынхаа алтан шаргал ёслолын хувцасны оронд даруухан саарал хүрэм, алдарт гурван талт хар малгай өмсөх болжээ. Олон жилийн дараа хувцсандаа энгийн байдал хадгалах үзэл бодлыг Оросын хувьсгалчид ч шүүрч авав. Эрх баригч дээдэс хүмүүст энгийн, ойр харагдахын тулд хуучин цагийн нүсэр тансаг хувцаснаас татгалзах болсон байна. Владимир Ленин язгууртны бортгон малгайны оронд саравчтайг, ажилчныг санагдуулах жишүү захтай цамцыг илүүд үзэх болж. 1920-иод оны зурагт хуудаст Ленинийг үйлдвэрийн ажилчдын цуглаан дээр ухуулагчийг санагдуулам саравчтай малгайтайгаа, гараа өргөчихсөн байгаагаар дүрсэлдэг байв. Энэ нь санамсаргүй юм биш, залуу Зөвлөлт улсад ард олны дундаас гарч ирсэн удирдагчийг шүтэх үзэл төлөвшиж байжээ. Өмнө нь ноён биш, ердийн хөдөлмөрчин ард байна гэх бодлыг олон түмэнд төрүүлэхэд хувцас тусалж байлаа. Френч гэх Лениний өмсдөг богино хормойтой хүрэм, саравчтай малгай Зөвлөлтийн дээдсийн хувьд гол хувцас нь, нэг ёсны шинэ цагийн форм болжээ. Гэхдээ хамгийн шилдэг жишээг Энэтхэгийн удирдагч, хүч үл хэрэглэн эсэргүүцэх үзлийг номлогч Махатма Ганди харуулжээ. Европ хувцаснаас татгалзаж, биеийн уламжлалт ороолт, нэхмэл материалаар хийсэн өмд өмсдөг байв. Энэтхэгийн ядуу тариачидтай эв санаа нэг гэдгээ тэрбээр ийм маягаар илэрхийлдэг байсан аж. Британийн төрийн түшмэд түүнийг “нүцгэн шахам илбэчин” гэдэг байсан ч Гандид энэ нь нөлөөлсөнгүй. 1931 онд Британийн хаантай уулзахдаа Ганди ердөө л нөгөө бие ороосон дхотитойгоо ирэхэд нь та арай л нүцгэн шахам ирээ юү дээ, хааны өргөөнд гэж сэтгүүлчдийг асуухад “Эрхэм дээдэс өөрөө хоёуланд маань хүрэлцэхээр хувцас өмссөн байна” гэж хариулсан гэдэг. Энэтхэгийн улс төрч Британийн эзэнт улсын ер бусын тансаг хүлээн авалтад зориуд тийм хувцас өмсөж ирсэн бөгөөд сэтгүүлчдэд өгсөн түүний ухаалаг хариулт дэлхий даяарын сонорт хүрч, “онцгой ёсорхуу байдал, материаллаг хээнцэрлэлийг” төдийлөн хайхардаггүйнх нь илэрхийлэл болсон аж.

Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани
ХХ зууны дунд үед телевизор, гэрэл зураг гарч ирснээр улс төрчдийн төлөв байдал онцгой ач холбогдолтой болов. Хувцасны нь өчүүхэн эд зүйл ч удирдагчийн нэр хүндийг олны нү дэнд өргөж, эсвэл унагаж болохоор болсон байна. 1960 оны сонгуулийн сурталчилгааны үед АНУ-ын залуу Ерөнхийлөгч Жон Кеннеди ихээхэн орчин цагийн ардчилсан дүр төрхтэй харагдахыг хичээжээ. Тэрбээр бүрх бараг өмсдөггүй. Олны яриагаар бол тангараг өргөхөөр гарч ирэхдээ толгой нүцгэн байснаар эрчүүд бүрх өмсдөг ёсыг чухам үгүй хийсэн гэдэг. Сүүлд нь түүхчдийн тодруулснаар тэр ёслолын үед хэдхэн агшинд бортого малгай өмссөн юм билээ. Энэ Ерөнхийлөгч эгэл жирийн харагдахаасаа зовдоггүй, уг байдлыг нь сонгогчдын залуу үе ч үнэлдэг байж. Түүний имиж өрсөлдөгчдийнхөө хуучин хэв загвараас эрс ялгардаг нь үр ашгаа өгдөг байв. Тухайлбал, Ричард Никсонтой телевизээр мэтгэлцэхэд наранд борлосон Кеннеди өрсөлдөгчийнхөө цонхигор царайны дэргэд өөртөө итгэлтэй, биеэ бариагүй байдлаараа эрс ялгарч байжээ.
Зөвлөхүүд нэр дэвшигчдийнхээ хувцсыг чамбай сонгож эхэлсэн байна. Хослол, зангиа нь эрх мэдлийн илэрхийлэл хэвээр үлдсэн ч сайтар бодож тохируулсан ялих шалихгүй юмс тэдэн дээр нэмэгджээ. Улс төрчид цуглаан дээр пиджакаа тайлж, ханцуйгаа шамлачихаад олны өмнө гарч ирэх нь эрч хүчтэй залуугийн дүрийг харагдуулдаг аж. Хожим нь Линдон Жонсон төрөлх өмнөд нутагтаа ковбой бүрх, гутал өмсөж очоод фермийн аж ахуй эрхлэгчдийн талархлыг хүлээсэн гэдэг. Түүнээс хойш нэр дэвшигчид бараг бүгд Айова мужид спортын арга хэмжээнд очихдоо жийнс, дөрвөлжин хээтэй цамц юм уу, уламжлалт хүрэм (бомбер) өмсөх болжээ. Цэрэгт алба хааж байсан хүмүүс ч хувцсандаа анхаарах болсон байна. Генерал Дуайт Энзенхауэр Ерөнхийлөгч болсон хойноо дүрэмт хувцсаа даруухан хүрэн өнгийн хослол, зөөлөн эсгий бүрхээр сольж, үүгээрээ албан ёсны байдалд авхуулсан зурагт хатуу ширүүн генерал биш, сайхан сэтгэлтэй өвөөгийн дүрээр харагдах болжээ. Британид лейборист шинэ Ерөнхий сайд Гарольд Вилсон язгууртны таяг, өндөр бүрх өмсөхөө байж, ЗХУ-д гадаад энгийн байдал төрийн буянтны хэмжээнд үнэлэгдэх болов. Харин Сталин нөгөө л босоо захтай цамцтайгаа, Мао Цэдун Хятаддаа ялгах тэмдэггүй энгийн загварын хүрэмтэйгээ хөдөлмөрч ард түмэнтэйгээ адил тэгш гэдгээ харуулдаг байв. Кубийн удирдагч Фидель Кастро бор ногоон өнгийн цэргийн дүрэмт хувцсаа хослолоор сольсон ч олон түмэнтэйгээ уулзахдаа хээрийн цэргийн мөрдөстэй хүрмээсээ үл сална.

Александрия Окасио-Кортес 2021 он
ХХ зууны эцэс гэхэд хувцасны хэв загвар имижмейкер хийгээд, хэв загварт анхаарагч дын ажил хэрэг болж орхив. Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчийн хувцасны өчүүхэн хэсгийг ч бодож боловсруулж байдаг мэргэжлийн хүмүүс далд дам ажилладаг болж. Тэглээ ч “ард түмэн”-ий удирдагчийн дүрийг бүтээх зорилго хэвээр. Улс төрчдийн өрсөлдөөн шинэ арга мэх хэрэглэхийг шаардаж байдаг Өрнөдийн ардчилсан улсуудад энэ нь илт. Жишээ нь, Канадын Ерөнхийлөгч байсан Жастин Трюдо албан ёсны айлчлалыг үр бүтээлтэй фото шоу болгож чаддагаараа алдартай байлаа. 2018 онд тэрбээр гэр бүлийн хамт Энэтхэгийг зорьжээ. Тэд олны өмнө гарч ирэх болгонд нь үндэсний хувцасны загвар үзүүлж буй мэт байхаар төлөвлөжээ. Трюдо, гэргий, хүүхдүүд нь хуримын гэмээр хувцас, эсвэл сикхийн хурц өнгийн гоёл өмсөнө. Энэ байдал нь эхлээд уярал хайр төрүүлж байснаа айлчлалын дунд хэрд “тэгтлээ хичээхээ болих”ыг Энэтхэгийн хэвлэлүүд тэднээс гуйсан байна. Тэндхийн улс төрчид зочдынхоо хувцсыг “арай л хэтэрхий болливуд”-ийн хэмээн үзэх болжээ. “Эрхэм ээ, энэтхэгчүүд бид Болливуддээ ч өдөр болгон ингэж хувцасладаггүй” хэмээн Жамма болон Кашмир мужийн гол сайд Омар Абдулла “Twitter”-ийн сурвалжлагчид хэлэхэд хүрсэн аж. Эхний өдөр уламжлалт хувцсаа өмсөх нь хүндэтгэлийн илэрхийлэл гэдэг нь ойлгомжтой. Одоо томоохон улс төрчид бүр өөрийн хэв загвар тохируулагчтай байх болж. Зарим нь үүнийгээ ил тод хүлээн зөвшөөрнө, нөгөө хэсэг нь нууна. Нью-Йоркийн ардчилагч Зоран Мамдани хямд хослол өмсөж, үүргэвч үүрээд хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж, Бронксын жирийн залуугийн дүрийг бий болгов.
“Миний хэв загвар Нью-Йоркийн хүн болохыг болон Угандагаас Энэтхэг хүртэлх намтрын минь тусгал” гэж тэрбээр нууж хаалгүй хэлж байв. Бие барьсан жийнснээс татгалзахыг гэргий, зураач Рама Дуважди нь зөвлөснийг Мамдани сэтгүүлчийн асуултад хариулахдаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин үнэ хямдтай “Casio” цаг, мөнгөн бөгжийг түүнд нөхөд нь бэлэглэжээ... Тэрбээр Тони Моррисоноос эш татаж, долоо хоногт ердөө ганц лааз “Red bull” ууж, өнгөрсөн үеийнхээ бэлгэ тэмдгээс ер татгалзахгүй явсаар олон хүн боломжгүй гэж үзэж байсан өрсөлдөөнд яллаа” гэж “Elle”-гийн ахлах редактор Руби Фенели бичсэн байх юм. Сонгуулийн өмнөх сурталчилгаа ид байхад “New York post” сонин “ард түмнээс гарч ирсэн” социалист хүн маань оддын хэв загварч байсан Бейли Мунийг нууцаар хөлсөлж авсан байв хэмээн мэдээлжээ. Хувцас мэт ялих шалихгүй юмаар аргалах гэж оролдсон нь сонгогчдод таалагдсангүй. Загвар зохиогчидтой ил тод хамтран ажилладаг хүмүүс цөөнгүй, энэ нь тэднийг алдаршуулдаг нь нууц биш. АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа Мишель Обама залуу загвар зохион бүтээгч Жейсоныг албан ёсны бус туслагчаараа урьж ажиллуулсан байдаг. Ингэснээр тэргүүн хатагтай олон түмний нүдэнд ганган дэгжний үлгэр жишээ болж харагдсан төдийгүй Америкийн хувцасны загварыг урагш ахиулсан гэгдэх болсон билээ. Фото зураг гээч юм нийгмийн сүлжээнд агшин зуурт тархаж, түүнийг ашиглан улс төрчдийн хувцсанд нарийвчлан дүн шинжилгээ хийх болсон өнөө цагт энгийн харагдахыг хичээхийн зэрэгцээ түүнийгээ үнэмшилтэй хийх нь чухал болсон байна. Америкийн Конгрессын гишүүн хатагтай Александрия Окасио-Кортес өөрийн туршлагаасаа наргиан болгохдоо хувцас хүнийг өөд нь татна, уруу нь ч татна гэж хэлжээ. 2018 онд тэрбээр Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болоод хувцсыг илэрхийлэл болгож ашиглахаар, улиг болсон хүрэмний цаана нуугдахаа болихоор шийдсэн байна. Тангараг өргөх ёслолд цагаан хувцас өмсөж очив. Том алтан ээмэг, бөгж, уруулдаа түрхсэн улаан будаг нь түүнийг улам ч содон харагдуулна. Нийгмийн сүлжээнд идэвхтэй хандагчид үүнд нь анхаараад ирмэгц улс төрч маань боломжийг ашиглаж, “Цагаан хувцсаараа бидний замыг заасан бүсгүйчүүдийн дурсгалыг хүндэтгэх гэсэн юм” гэж “Twitter”-т бичиж орхив. Окасио-Кортесийн сонгосон загвар нь түүнд нэг удаа сөрөг үр дүн үзүүлжээ. 2021 онд хатагтай “Tax the rich” (Баячуудыг татвараар дар) гэсэн бичигтэй ганган даашинз өмсөөд нэг ёслолын арга хэмжээнд очжээ. Тэр дороо л Окасио-Кортес нийгмийн сүлжээнд болон хэвлэлийн шүүмжлэлд өртөж, тасалбар нь 30 Хувцас бурхан, бие чөтгөр мянган ам.долларын үнэтэй дээдсийн ёслолд очихдоо үнэтэй даашинз дээрх бичээсээрээ “ард түмэнд ойр хүн болж харагдахыг хичээв” хэмээн буруутгагдсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай албан ёсны уулзалт хийхдээ хар өнгийн “дотуур цамцтай” байж олон түмний дургүйцлийг хүргэсэн юм. Цэргийн тусгай ажиллагааны эхэн үед түүнийг хөнгөн нимгэн хувцас өмссөнийг нь Өрнөдийн хэвлэлүүд шагшиж байсан бол Цагаан ордонд ийм байдалтай зочилсных нь дараа холбоотондоо хүндэтгэлгүй хандлаа гэлцэх болсон байна. Албан ёсны арга хэмжээнд өмсөх хослолууд бий, гагцхүү тэднийг байлдаан дууссаны дараа өмсөнө гэж Зеленский мэдэгдсэн. Түүний хэв загварч Эльвира Гасанова албан ёсны хувцас өмсдөггүй нь ард түмэнтэйгээ эв нэгдэлтэй байгаагаа тэрбээр ингэж харуулдаг юм гэж тайлбарласан аж.
Р.Жаргалант