“Enjoy AI робот кодчилол”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг үнэмлэхүй амжилт үзүүллээ. Дэлхийн 61 улсын 1000 орчим багийн 20 000 оролцогч өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш, тамирчид робот, дрон, дэлгэцгүй кодчилол гэсэн төрөлд оюун ухаан, хурд хүч, авьяас билиг, ур чадвараа сорьсон юм. Үүнээс дэлгэцгүй кодчилол төрөлд Монголын стем боловсролын академийн Б.Батцэцэг багштай багийн сурагч Х.Ээлэн, М.Хангэрэл нар алт, дрон кодчилол төрөлд Говь-Алтай аймгийн “Юнител STEMHUB”-ын Ч.Баттулга багшийн удирдлагад өрсөлдсөн сурагч Р.Ууганбаяр алт, тус багийн сурагч Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар дэлгэцгүй кодчилол төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ. Мөн эл төрөлд Дархан-Уул аймгийн Т.Энхжаргал багштай багаас сурагч Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар хүрэл медалийн эзэд болсон бол дрон кодчиллын төрөлд нийслэлийн 11 дүгээр сургуулийн Д.Батбаяр багштай багийн сурагч Б.Оюун мөнгөн медаль гардсан байна.
Түүнчлэн кибер хот төрөлд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Ч.Бямбасүрэн багшийн удирдлагад оролцсон багийн сурагч Ц.Баяржавхлан, О.Мичидмаа нар шилдэг робот хөгжүүлж, тусгай байр эзэлжээ. Ингэснээр манай улс AI робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт найман медаль хүртэж, өндөр амжилт гаргалаа.
О.Ундрах