Манай улсад Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 нам бий. Тэд өнгөрсөн сарын 31-нд багтаан дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн өөрчилж, үүнийгээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандах учиртай байсан юм. Тэгвэл дээрх намуудаас 29 нь хуулийн хугацаанд багтаан холбогдох материалаа ирүүлсэн байна. Тэдний дотроос ИЗНН, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан таван удаа материал өгснөөрөө “рекорд” тогтоожээ. Эдгээр намын өргөдлийг тус бүр нэг удаа буцааж, гурван удаа татгалзсан хариу өгсөн аж. Мөн МҮАН болон Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан дөрвөн удаа өргөдөл ирүүлжээ. Уйгагүй оролдлогын эцэст одоогоор ИОНН-ын материалыг л Дээд шүүх бүртгэж аваад байгаа юм. Хамгийн сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд Монголын ардчилсан хөдөлгөөний, Монголын хү ний төлөө, Гэрээ хорооллын хөгжлийн, Монголын социал демократ, Эрх чөлөөний эвсэл нам өргөдлөө өгчээ. Тиймээс одоогоор 24 намын өргөдлийг Дээд шүүх хянаж буй гэнэ.
Харин Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн хэмээх найман нам хуулийн хугацаанд материалаа өгсөнгүй. Хуулиа мөрдөөгүй эдгээр намд ямар хариуцлага тооцох тодорхой заалт алга. Гэвч зөрчлөө арилгахгүй бол цаашид сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй нь “ярих” эрсдэл үүсэх аж.
С.Уул