Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дунд Дарь-Эхийн гудамжны нэгэн хашаанд амьдардаг айл руу хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд халджээ. Гэрийн эзэн гадагшаа гарч, найман сартай хөл хүнд эмэгтэй 3-4 настай хоёр охины хамт байх үед нь энэ явдал болсон бөгөөд дөрвөн настай охин, ээжийнхээ хамт газар дээрээ нас барсан аж. Гурван настай охины биеийн байдал хүнд, Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм. Цагдаагийн байгууллагад энэ гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг энэ сарын 4-ний 23.00 цагийн үед гэрийн эзэн нь өгснөөр цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Уг хэрэгт холбогдуулж тухайн айлын хөрш 48 настай Б гэх хүнийг сэжиглэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
Гэрийн эзэн, хохирогч залуу өчигдөр “neguun.mn” сайтын сурвалжлагчид “Машин авчрахаар цаг гаруйн хугацаанд яваад ирэх хооронд ийм аймшигтай хэрэг үйлдсэн байсан. Дөрвөн настай охин, найман сартай жирэмсэн эхнэрийг минь маш хэрцгийгээр хөнөөсөн. Би тухайн үед цочирдсондоо “Амийг амиар солино” гэж хашхирч байсан. Цагдаагийнхан ирээд намайг тайвшруулсан. Гурван настай охин минь маш хүнд байгаа ч “Аав аа, би жаахан дүүтэй болно, тийм ээ. Танихгүй ах орж ирээд намайг ёоёо болгосон” гээд ярьж байна. Би одоо гурван настай охиндоо юу гэж хэлэх вэ. Жирийн гэмгүй амьдарч байгаа биднийг яаж байгаа юм бэ. Сэтгэцийн өвчтэй хүнийг хараа хяналтгүй байлгаснаас ийм явдал боллоо гэж бодож сууна. Тэр хүн өмнө нь хутга шиг зүйлээр охидыг минь айлгасан удаатай” хэмээн ярьсан байв.
Сэтгэцийн өвчтэй иргэнд тавих хараа хяналт эрс суларч, хүний эрхийг хангаж байгаа нэрийн дор ийм хүмүүсийг ч дураар нь явуулдаг болоод буй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрхийг огт ярьдаггүй атлаа хэргийн холбогдогч, ял шийтгүүлсэн хүмүүсийнхийг өндөрт тавьдаг болсон. Үр дагавар нь ийм аймшигт хэрэг өдүүлснээр илэрч буйд цаашид анхаарах ёстой биш гэж үү.