АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орж, далайн өндөр түрлэгтэй давхацсаны улмаас суурьшлын бүс болон авто замууд үерт автжээ. Улмаар хэдэн зуун айл цахилгаан, ундны усгүй болж, худалдаа, үйлчилгээ тасалдсан тул Калифорнийн хойд хэсгийн таван мужид үерийн сэрэмжлүүлэг зарлаад байна. Тодруулбал, Марин, Сонома, Аламеда, Сан Матео, Сан Франциско зэрэг бүс нутагт сэрэмжлүүлэг зарлаж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлав. Мөн гудамж, талбай шавар, хог хаягдлаар дүүрч, үерийн түвшин зарим байршилд өвдөгнөөс дээш хүрсэн тул аврах ажиллагаанд завь ашиглаж буй гэнэ. Түүнчлэн Сан Франциско орчимд “Хаан түрлэг” хэмээн нэрлэдэг өндөр давлагаа их хэмжээний бороотой холилдсоноос далайн ус эргээ давж, авто зам, зогсоолуудыг бүрхжээ. Сар дэлхийд хамгийн ойр байрлалд шилжих үед үүсдэг энэхүү үзэгдэл нь таталцлын нөлөөгөөр далайн түвшнийг огцом нэмэгдүүлдгээрээ онцлогтой юм байна.
Албаныхны урьдчилсан дүгнэлтээр байгалийн гамшгийн улмаас орон сууц, зам гүүр, дэд бүтцэд их хэмжээний хохирол учирч, сэргээн засварлах ажилд хэдэн сая ам.долларын зардал шаардаж болзошгүй аж. Харин цаг уурын байгууллагынхан ирэх ням гаргийг хүртэл цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжлэх эрсдэлтэй тул нам дор газар оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэжээ.
Э.Сүйлэн