CNN агентлаг 2026 онд заавал зочлох ёстой дэлхийн шилдэг аяллын чиглэлүүдийг танилцуулж, манай орноос Орхоны хөндийн дурсгалт газрыг онцлон нэрлэв. Ингэхдээ Орхоны хөндийг орчин үеийн хотжилтын өвчин, ажлын ачаалал, тасралтгүй дуу чимээ, цахим орчны хамаарлаас бүрэн ангижирч, жинхэнэ утгаараа амар амгаланг мэдрэх боломжтой, дэлхий дээрх цөөн бүс нутгийн нэг хэмээн тодорхойлсон юм. Жуулчид тус бүс нутгийг зорин очсоноор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээ үндэсний бөхийн барилдаан үзэж, морь унан, цэлмэг тэнгэрийн дор оддыг ажиглах боломжтойг ч мөн онцолжээ. Түүнчлэн тус агентлагийнхан манай орны аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой тэлж, байгаль, түүх, соёлын өвийг хослуулсан өвөрмөц давуу талаараа олон улсын анхаарлыг татаж буйг дурдсан байна.
Монголын байгалийн өвөрмөц тогтоц дэлхий нийтийн сонирхлыг татаж буйн өөр нэг баталгаа нь тус агентлагийн өнгөрсөн жил онцолсон говь нутаг дахь “MarsV” төслийн бааз юм. Улаан гараг дээр амьдарч буй мэт ер бусын мэдрэмж төрүүлэх уг газар нь манай улс зөвхөн түүх, соёлын төдийгүй шинжлэх ухаан, танин мэдэхүйн адал явдалт аяллын томоохон зангилаа болох ирээдүйтэйг харуулсан байдаг.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг БНХАУ-ын Сужөү хотноо 2004 оны долоодугаар сарын 7-нд болсон ЮНЕСКОгийн Дэлхийн өвийн хорооны 28 дугаар хурлаар Монгол Улсаас анх нэр дэвшүүлж, хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалж, өвлөн уламжлуулах дэлхий дахины онцгой үнэ цэнтэй соёлын өв хэмээн хү- лээн зөвшөөрч, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн түүхтэй. Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон энэхүү хөндий нь нүүдлийн соёл иргэншлийн үүсэл хөгжил, улс гүрнүүдийн түүхийг археологи, түүх, соёлын баялаг олдвороор батлан харуулдгаараа онцлогтой. Тэнд хуучин чулуу, хүрэл, төмрийн үеийн эрт ний суурин, Түрэгийн хаадын тахил шүтээний бунхан, бичигт хөшөөнүүд, Уйгарын эзэнт гүрний нийслэл Хар Балгас хотын туурь, Их Монгол Улсын нийслэл Хархорум, Эрдэнэзуу болон Төвхөн хийд зэрэг дурсгалууд хадгалагдан үлдсэн нь бүс нутгийн төдийгүй хүн төрөлхтний түүхийн давтагдашгүй бодит гэрч болсоор буй юм.
Ташрамд дурдахад, манай орныг 2025 онд нийт 846 103 жуулчин зорин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс таван хувиар өссөн үзүүлэлт аж. Тэгвэл өнгөрсөн сард гэхэд 38 118 хүн манай улсыг зорин иржээ.
Э.Сондор