Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн билээ. Тухайлбал, Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, 4C ангиллын болгох төсөл хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалт хүртэл зарласан. Гэвч өнгөрсөн хугацаанд нисэх буудлыг засаж, шинэчлэх ажлыг хийлгүй, үйл ажиллагааг нь зогсоогоод байв. Харин энэ онд улсын төсвийн 59 тэрбум төгрөгөөр нисэх буудлын хөөрч, буух зурвасыг бүрэн шинэчлэхээр хөрөнгө оруулалтыг нь шийджээ.
“Чойбалсан” нисэх буудлын зурвасыг 1971 онд ЗХУ-ын цэргийн түр нисэх зориулалттай ПАГ-14 хучилтын зүймэл хавтангаар барьсан байдаг. Үүнээс хойш засвар огт хийгээгүйн улмаас сүүлийн үеийн агаарын хөлөг зурваст хөөрч, буухад доргилт үүсэн, аюултай нөхцөл байдал бий болсон тул нислэгийг зогсоосон аж. Тиймээс нэн тэргүүнд нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг асфальт бетон хучилттай болгож, зорчигч хүлээн авах барилгыг өргөтгөн, тоног төхөөрөмжүүдийг үе шаттай шинэч лэхээр болжээ. Шинэ зурвастай болсноор бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, хот хоорондын нислэг тогтворжин, давтамж нэмэгдэхээс гадна эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэд агаарын тээврээр цаг алдалгүй зорчих боломж бүрдэх гэнэ.
М.Гэгээ