Монголын үндэсний спортын VIII наадмын хүрээнд баруун аймгаас Баян-Өлгийд мөсөн сурын харвааны аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд оролцсон багаас “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны аймгийн цэцэн харваач Б.Баатар ахлагчтай “Идэр” багийнхан тэргүүлжээ. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн сумын мэргэн Б.Батзул ахлагчтай Булган сумын харваачид удаалан, Бугат сумын харьяат аймгийн мэргэн З.Нямсүрэн ахлагчтай “Шивээт хайрхан”-ынхан III байрт шалгарав. Насанд хүрэгчдийн ангилалд оролцсон мэргэчүүдээс Булган сумын харьяат, спортын мастер Ч.Отгондалай түрүү харваачаар тодорч, Буянт сумын залуу харваач Б.Ариунболд мөнгө, Бугат сумаас Д.Жамуха хүрэл медаль хүртжээ. Ахмадуудаас Сагсай сумын харьяат, ахмад харваач М.Дамчил, Алтай сумын ахмад харваач Л.Арцаа, Ховд аймгийн харьяат, спортын мастер Д.Баярхүү нар эхний гурван байрт шалгарав. Үндэсний спортын VIII наадам энэ сарын 23-25-нд Цонжинболдогт болно. Тус наадмын мөсөн сурын харвааны тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 360 харваач цэц сорих нь. Мөн манай улсад Олон улсын мөсөн сурын харвааны тэмцээнийг энэ сарын 30, 31, хоёрдугаар 1-нд зохион байгуулахаар товлосон. Энэ удаа ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, ӨМОЗО-ы Шинжаан, Казахстан болон АНУ-аас харваачид ирж оролцох юм.