Арктикийн хүйтэн агаарын урсгал Баруун Европыг нөмөрсний улмаас Британи, Нидерланд, Франц зэрэг улсад сүүлийн жилүүдэд тохиолдоогүй цаг агаарын аюулт үзэгдэл нүүрлээд байна. Их хэмжээний цас орж, хүчтэй шуурга дэгдсэнээс дээрх улсуудад замын хөдөлгөөн саатаж, нислэг болон галт тэрэгний үйл ажиллагааг түр хугацаанд зогсооход хүрсэн аж.
Тодруулбал, Европын агаарын тээврийн томоохон зангилаа болох Амстердамын “Схипхол” (Schiphol) олон улсын нисэх онгоцны буудлынхан үзэгдэх орчин хязгаарлагдаж, хөөрч, буух зурвас зузаан цасанд дарагдсанаас үүдэн өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 500 гаруй нислэгээ цуцлаад буй юм. Түүнчлэн улс даяар төмөр замын хөдөлгөөн “тэг зогсолт” хийхэд ойрхон байгааг албаныхан мэдээлэв. Учир нь замын тоноглолууд хөлдөж, цахилгааны шугамыг мод дарснаас үүдэн гол чиглэлүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Үүнээс гадна авто болон хурдны замуудад ч халтиргаа гулгаа үүсэж, олон тооны осол бүртгэгдэн, түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэнэ.
Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцооллоор цаг агаарын аюулт үзэгдлээс үүдэлтэй шууд болон шууд бус хохирол олон сая еврогоор хэмжигдэж эхэлжээ. Ялангуяа тээвэр, ложистикийн салбар хамгийн их алдагдал хүлээж байгаа бөгөөд энэ нь хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт тасалдах, эрчим хүчний хэрэглээ өсөж, үнэ хөөрөгдөх эрсдэл дагуулж буй аж.
Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр энэ нөхцөл байдал ирэх долоо хоногийг хүртэл үргэлжлэх төлөвтэй тул Нидерландын Засгийн газар болон холбогдох байгууллагууд бэлэн байдлаа ханган, зам, тээвэр, эрчим хүчний салбарын эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, иргэдийг боломжтой бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулсан байна.
Э.Сүйлэн