Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ховордож болзошгүй ангилалд багтаад буй нөмрөг тасын нүүдлийн судалгааг “Монголын шувуу хамгаалах төв”-ийнхөн хийж байна. Нийгэмд үйлчлэх статустай тус төрийн бус байгууллага нь гадаадынхантай хамтран шувуу судлалын салбарт болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Ази, Европын бүс нутагт тархацтай нөмрөг тасын Монгол дахь гол идээшил нутаг нь Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумыг дамнан орших Угтамын байгалийн нөөц газар гэдгийг хэдийн тогтоосон. Тэгвэл нас бие гүйцсэн тасуудын үржлийн гол нутаг нь ч уг нөөц газар бөгөөд ихэвчлэн энд өвөлждөг болохыг судлаачид илрүүлсэн байна. Харин залуу тасууд БНАСАУ, БНХАУ-ын хилийн зааг бүс болон ОХУ-ын зүүн өмнөд хэсгээр өвлийн хүйтнийг давдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод буй аж. Цаашлаад нөмрөг тасын амьдрах орчин, нүүдлийн замыг судалж байгаа гэнэ.
Угтамын байгалийн нөөц газар нь нарсан ой ихтэй тул хонин тоодог, нөмрөг тас зэрэг дэлхийд ховордсон шувууны үүрлэн үржих таатай нутаг болдог байна.
М.Гэгээ