Монголын сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч, сэтгүүлч Б.Монхоо, Д.Баасанжаргал нарын шилдэг бүтээлүүдийг сорчлон багтаасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр ботийг өчигдөр уншигчдын хүртээл болголоо.
Б.Монхоо, Д.Баасанжаргал нар нь “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Эх орны манаа” сониноор дамжуулан нийтлэл, шүүмжлэлт хурц өгүүллүүдээ нийгэмд хүргэж, олон залуу сэтгүүлчийг мэргэжлийн замд хөтлөн, уншигч түмэндээ танигдсан авьяаслаг уран бүтээлчид юм. Тэд цаг үеэ соргогоор мэдэрч, нийгэмд тулгамдсан асуудлуудыг зоригтой хөндөж, уншигчдадаа хүргэдэг байсан.
Энэхүү номд сэтгүүлч Б.Монхоогийн “С.Зоригийг хөшөө болгосон тэр хүн хэн бол”, “Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын жараахай тулд зориулсан торонд орооцолдов”, “Ш.Отгонбилэгийг Д.Дорлигжаваар солив”, “Хөшөөний загвар, хэрэгтний төрххоёр зэрэг шахам зурагдаж байсан нь сонин”, “О.Дашбалбар: Дорлигжав аа, чи хэрээ мэдээрэй”, “Хувийн өмчид хуулиар халддаг атлаа хүний аминд журмаар халдаж байна”, “1997 оны улс төрийн өнгө төрх МАХН-аас ихээхэн шалтгаална”, “Төр солигддогоо солигдоход бид хийдгээ хийж байх ёстой”, “Унтаж буй арсланг сэрээж болохгүй” тэргүүтэй улс төрийн амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлсэн 60 гаруй нийтлэлийг багтаасан байна. Мөн сэтгүүлч Д.Баасанжаргалын “Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: Зэр зэвсгийг цэцэг, навч шиг сайхнаар бодож болохгүй”, “Эх орны хил мину”, “Заставын жаалууд”, “Царцуу зурваст нар тусаасай”, “Хэнийг ч мартахгүй, юу ч мартагдахгүй”, “Алдар нь мөнхөрсөн Аж богдын хилчид”, “Атомын бөмбөг байна, авах уу”, “Хиагтын тэмдэглэл” зэрэг 40 гаруй бүтээлийг багтааснаараа онцлогтой.
Э.Сүйлэн