Жүдо бөхийн 2015 оны ДАШТ, 2018 оны Азийн наадмын хүрэл медальт, “Рио2016” зуны олимпын 31 дэх наадамд жүдо бөхийн 90 кг-ын жинд түрүүлсэн Японы алдарт жүдоч Машү Бакер үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурийн урилгаар манай улсад зочлоод хэд хонож буй. Тэрбээр Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Увс аймагт долоо хоногийн сургалт зохион байгуулахаар очсон. Сургалтын үеэр хуримтлуулсан туршлага, барилдааны техникүүдээсээ хуваалцжээ. Түүний сургалт жүдогоор сонирхож хичээллэдэг орон нутгийн хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Машү Бакер аварга сургалтаа өндөрлүүлснийхээ дараа Улаанбаатарт ирж, “Алдар” спорт хороонд болох өсвөр үеийнхний тэмцээний нээлтэд оролцоод, энэ сарын 15-нд нутаг буцах гэнэ. Тэрбээр мастерс, “Их дуулга”, гран при ангиллын тэмцээнээс зургаан алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай.