Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли-2026”-д Монголоос хоёр тамирчин мотоциклын төрөлд хурд сорьж байна. Гурав дахь өдрийн уралдаанд Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд (дөрвөн цаг 56 минут 33 секунд) нийлбэр дүнгээр 15, “Ралли-2” ангилалдаа IV байр эзэлжээ. Энэ нь тус уралдаанд оролцсон манай улсын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэв. Тэмцээний албан ёсны мэдээлэлд “BAS world KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ тавд багтсан Ази тамирчин боллоо. Өмнө нь Энэтхэгийн Харит Нойа IV байрт орж байв. Түүнчлэн Э.Халиунболд нь албан ёсны “Honda” багийн тамирчин болох Мартим Вентура, Престон Кэмпбелл нарын дараа орж, тухайн өдрийн гурав дахь шилдэг шинэ тамирчин боллоо” хэмээн өгүүлжээ. ОУХМ П.Мөрөн нийлбэр дүнгээр 39, ангилалдаа 27 дугаарт жагсав. Түүний хувьд уралдааны явцад дүрмийн дагуу заасан шалгалтын цэг (waypoint-хяналтын цэг)-тэй холбоотойгоор 15 минутын торгууль авснаар байрлалд бага зэрэг өөрчлөлт оржээ. Уг торгууль нь хурд, уралдааны гүйцэтгэлтэй шууд холбоогүй бөгөөд техникийн болон навигацын нарийн шаардлагатай холбоотой шийдвэр гэдгийг багийнхан нь тайлбарлалаа.
Дээрх уралдааны дөрөв дэх гараа марафон. Тамирчид тухайн өдрөө барианд орж, механикийн тусламж авахгүйгээр тэндээ хоноглон дараагийн өдрийн гараанд шууд гарна. Энэ хугацаанд техникээ гамнаж, эвдрэл гаргалгүй хоёр өдөр уралдах юм. Дөрөв дэх гарааны зам 530, үүнээс уралдааны цаг тооцох нь 452 км. Туулах замын 56 хувь нь элс, 30 нь хайрга, шороо, 14 нь чулуу, хад байх аж.