Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг нийслэлийн төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд сэргээн засварлахаар болжээ. “Гоожингийн өндөр” нь Нийслэл хүрээнд Дорнод Сибирийн уламжлалт загвараар ХХ зууны эхэн үед барьсан цөөн тооны хоёр давхар модон барилгын нэг төдийгүй Монголын архитектурын ховор дурсгал юм. Тус барилгыг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирснийхээ дараа тухайн үеийн Богдын “Өндгийн сүргийн нутаг” буюу өнөөгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт шавыг нь тавьж бариулсан түүхтэй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан түүх судлаач Г.Очбаяр, О.Одсүрэн нар энэхүү барилгыг Сайн ноён хан Т.Намнансүрэнтэй шууд холбогдох, эсэхээс үл хамааран түүх, соёлын асар өндөр үнэ цэнтэй дурсгал болохыг онцлов. Мөн барилгын гадна фасад, цонх, дээвэр, модон хүрээний чимэглэл болон цонхны хөмсөгний хээ угалз зэрэг нь анхны эх төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн тул яаралтай сэргээн засварлаж, Нийслэл хүрээний түүхийг харуулсан музей байгуулах шаардлагатай хэмээн үзэж байна.
Э.Сондор