ХХААХҮЯ-ныхан Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн 18 сумын 89 багт энэ жил 9100 малчин өрх өвөлжин, 3.4 сая толгой мал маллаж байгаа бол Хэрлэнбаян-Улаан сумын отрын бүсэд 167 өрхийн168 600 гаруй мал бий гэнэ. Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийнх нь бэлтгэл 93.3, сумуудынх нь 89.1 хувьтай байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл хэвийн аж. Харин Мал эмнэлгийн газар болон сумуудад ашиглах туулах чадвартай автомашинтай болохоос гадна мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх аюлгүйн нөөц бүрдүүлэх, ариутгалын бодис худалдан авахад шаардлагатай 35 сая төгрөг нэн шаардлагатай байгааг дурдлаа. Мөн улсын төсвөөс санхүүжүүлдэг гоц халдварт, зоонозын өвчний дархлаажуулалтын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 2.1 тэрбум төгрөгийг даруй олгохыг хүссэн. Түүнчлэн Хэрлэн сумын нутаг Дулааны талд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй услалтын системийн барилга угсралтын ажил зогсонги байдалд оржээ. Дулааны тал дахь 700 га услалтын системийн төслийн явц удааширч, гүйцэтгэгч компани “Жинсийн орой” нь ажлынхаа 85 хувийг хийсэн ч санхүүжилт нь хүрэлцсэнгүй хэмээн хойшлуулсаар байгаа аж. Үүнээс гадна хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын материалын зардлыг нэмэгдүүлэх, бүтэц, орон тоог бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, азотын үйлдвэр байгуулах, 2025-2026 онд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-д орон нутгаас төсөв батлаагүй учир зээл олгохгүй байгааг анхаарах, Зүүн бүсийн хэмжээний малын тэжээлийн үйлдвэр барих, үр тариа хадгалах 10 000 тонны элеватор байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад уламжилжээ.
С.Дулам