“Forbes” сэтгүүлээс AI технологийн салбараас ганцхан жилийн дотор долларын тэрбумтан 50 орчим “төрсөн” талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татав. Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгө оруулагчид хиймэл оюуны старт-ап бизнесүүдэд 200 тэрбум ам.доллар зориулсан нь дэлхийн бүх санхүүжилтийн тэн хагас аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны “OpenAI”, “SoftBank”, “Oracle” зэрэг компанийн дата төвийн төсөлд 500 тэрбум ам.доллар зарцуулна хэмээж байв. Тус мэдэгдлээс улбаалан “Meta”, “Alphabet”, “Microsoft” тэргүүтэй “луугар”-ууд тус тусын AI дэд бүтцээ бүтээж эхэлсэн билээ. Энэ мэтчилэн багагүй хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг, старт-апуудын өрсөлдөөний дүнд өдгөө АНУ-д аливаа компанийн код бичих ажлын 30 гаруй хувийг хиймэл оюун дангаар гүйцэтгэж буй юм.
“DeepSeek”-ийн үүсгэн байгуулагч Лян Вэнфэн өнгөрсөн нэгдүгээр сард тус хиймэл оюуныхаа эхний загварыг зах зээлд танилцуулж, төд удалгүй тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн. Харин өнөөгийн байдлаар түүний цэвэр хөрөнгө 11.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Түүнчлэн өнгөрсөн онд хиймэл оюунд суурилсан ажлын байр санал болгодог “Mercor” компани 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсноор 22 настай гурван үүсгэн байгуулагчийн тус бүрийн хөрөнгө 2.2 тэрбум болж, бүх цаг үеийн хамгийн залуу “баячууд” хэмээгдэх болжээ. Харин эл 50 гаруй тэрбумтнаас хөрөнгөөрөө тэргүүлж буй нь үйлчилгээний хөгжүүлэлтийн мэдээлэл боловсруулагч “Surge AI”-н гүйцэтгэх захирал Эдвин Чен (18 тэрбум ам.доллар) аж. Өдгөө тус компанийн цэвэр үнэлгээ 24 тэрбум ам.доллар гэнэ шүү.
Д.Хэрлэн