Айл өрхийн гэр цэвэрлэн, ажилд нь тусалж, хүүхэд асарч үйлчилдэг компанийнхан Цагаан сарын баяраар “тогоо барих” шинэ үйлчилгээ санал болгож эхэлжээ. Тодруулбал, шинийн 1-3-нд зочдод үйлчлэх, бууз жигнэх, хоол зууш зөөж, цай аягалах зэргээс гадна гэр цэвэрлэж болох гэнэ. Хүн бүл цөөнтэй, өндөр настнуудтай айлууд тус үйлчилгээг авах, эсвэл хамаатан садныхаа настнууд, аав, ээждээ бэлэг барих боломжтой аж. Мөн хөдөө орон нутагт ч үйлчлэх боломжтойг Хан-Уул дүүрэгт байрлалтай “Цагийн хүүхэд асрах үйлчилгээ” төвөөс мэдээллээ. Цагаан сараар нэг хүнээр “тогоо бариулахад” цагт 40 000, өдөрт 300 000 төгрөг төлөх юм байна.
С.Цэрэн