Монгол, БНСУ-ын залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын хүртээл боллоо. Энэхүү сэтгүүл нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй иргэдэд зориулсан монгол хэлээрх анхны тогтмол хэвлэл юм.
Солонгос улсыг зорихоор төлөвлөж буй хүн бүрийн зорилго, хүсэл тэмүүлэл өөр хэдий ч мэдэхийг хүсэж буй зүйлс нь нийтлэг. Виз, сургууль, тэтгэлэг, орон байр, ажил төрөл, хоол унд, соёл уламжлал, мөн заавал мэдэх, анхаарч, болгоомжлох зүйлс зэрэг олон асуултад хариулт хайх шаардлага тулгардаг. Тиймээс энэхүү сэтгүүл нь эдгээрт товч бөгөөд тодорхой, үнэн бодит хариулт өгөхөөрөө онцлогтой аж. Түүнчлэн агуулгын хувьд багийн гишүүд болон тус улсад амьдарч буй монголчуудын бодит туршлага, туулсан замналд тулгуурласнаараа давуу талтай. Тухайлбал, “Awezome” сэтгүүлийн анхны дугаарт БНСУыг зориход заавал цүнхлэх зүйлс, тэтгэлгээ үргэлжлүүлэх арга, виз болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээ, мэдээлэл багтжээ.
У.Цэцэг