Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эр чимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй тус аян нь хүүхэд, залуус, иргэд, олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж буй юм.
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45 446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 2623 иргэн амиа алдсаны 516 нь хүүхэд байжээ. Хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн гэнэ. Иймд гурван сарын турш үргэлжлэх эл аяны хүрээнд эрсдэлийг үл тоомсорлох бус, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг олон нийтэд уриаллаа.
Тус арга хэмжээний нээлт уржигдар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд энэ үеэр хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” долоон өртөөт тоглоомоор тогложээ. Түүнчлэн тэд “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” самбарт сэтгэгдлээ үлдээхийн зэрэгцээ флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдсон хүнд анхны тусламж үзүүлэх сургалтад хамрагджээ.
У.Сүрэн