Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээ эхлүүлээд буй билээ. Үүний талаар Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцсанаа хүргэе.
-Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар нэлээд далайцтай судалгаа хийжээ. Энэ төрлийн гэмт хэргийн талаар судалгаанаас гарсан тоон мэдээллийг танилцуулахгүй юү?
-Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 73 дугаар тогтоолоор баталсан Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судлах, Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын зэрэг асуудлаар иргэн, хуулийн этгээдэд нөлөөллийн кампанит ажлыг үе шаттай зохион байгуулахыг УЕПГ хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан. Уг ажлын хүрээнд прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг таван жилийн байдлаар судаллаа. Судалгааны мөрөөр улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна. Прокурорын байгууллага сүүлийн таван жилийн хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг 4105 хэрэгт хяналт тавьж, 2333 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 10 гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс дөрвөн төрлийн гэмт хэргийг зонхилон үйлдэж байна. Гарсан гэмт хэргийн 41 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 31-ийг нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 11-ийг нь хууль бусаар ан агнах, наймыг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хоёрыг нь ой, хээрийн түймэр тавих үйлдэл эзэлж байна.
-Монгол орны аль бүс нутагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг ихэвчлэн гарч байна вэ?
-Ийм төрлийн гэмт хэргийг газар нутгийн онцлог, байгалийн баялгийн нөөц, амьтан, ургамлын тархалт зэргээс шалтгаалж харилцан адилгүй газар, улиралд үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг Монгол орны ойн бүс нутаг болох Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган аймгийн нутагт гарч байна. Ихэвчлэн 3-5 дугаар сард үйлдэгджээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаасаа хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт дийлэнх нь бүртгэгддэг. Урин дулааны үед буюу 6-8 дугаар сард энэ төрлийн хэрэг олноороо гарсан байх юм. Хууль бусаар ан ангах гэмт хэрэг байгалийн өвөрмөц онцлог тогтоц бүхий газар нутгууд болон ховор, нэн ховор амьтны тархац тоо толгойноос хамарч Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлд дүн өвлийн 12-2 дугаар сард гардаг нь судалгаагаар тогтоогдлоо. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг бүс нутгийн онцлог, ховор, нэн ховор ургамлын тархцаас хамаарч Сэлэнгэ, Дорнод, Булган аймгийн сумуудад 9-11 дүгээр сард үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, самар жимс, ургамлын болц гүйцсэний дараа хууль бусаар түүж, бэлтгэсэн байна.
-Байгаль орчны эсрэг гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ учруулсан хохирлыг нь 2-3 дахин нугалж төлүүлэхээр хуульчилсан. Хэчнээн хэмжээний хохирол нөхөн төлүүлсэн бол?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд шүүхээр 797 хэрэг шийдвэрлэсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбумыг нь нөхөн төлүүлсэн. Үүнээс үзэхэд, шүүхийн төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг боловч байгаль орчинд учирсан хохирлыг хангалттай нөхөн төлдөггүй нь нийтийн эрх ашиг мөн давхар зөрчигдөж байна гэж хэлж болно.
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гардаг гол шалтгаан нөхцөл юү вэ?
-Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, хуулийн этгээдээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2024, 2025 онд шүүхээс нийт 1299 хүн, 18 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүмүүсийн дунд гадаадын иргэд ч бий. Тодруулбал, гадаад улсын 13 иргэн байгаа юм. Жишээ нь, БНХАУ, ОХУ, Казакстан, Тайванийн иргэд эрүүгийн хариуцлага хүлээжээ. Тэд хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах, химийн хорт бодис ашиглах хэрэгт холбогдсон. Уул уурхайн салбарт хайгуул болон нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халддаг. Энэ төрлийн хэрэгт хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэнээс гадна ашиг олсон хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноодог онцлогтой. Шүүхээс 18 хуулийн этгээдэд 20-200 сая хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэж, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 1-5 жил хүртэл хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. Харин иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, байгалийн ургамал түүх гэмт хэрэг ихээр үйлдэж байна. Тодруулбал, 24 төрлийн 3051 тооны амьтныг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулжээ. Хууль бус ан агнах 90 гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд 770 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл бий. Мөрдөн байцаалтын шатанд 254.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Мөн ховор ургамал түүж бэлтгэсэн 109 гэмт хэргийн улмаас есөн тэрбум 690 сая төгрөгийн хохирол учирч, 433 сая төгрөгийг нь нөхөн төлүүлжээ. Уг төрлийн гэмт хэрэг зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж, улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол ч гарч байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж олсон алт, ховор ан амьтны эд, эрхтэн, ургамал, байгалийн баялгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн долоон хэргийг прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлж, 14 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
-Прокурорын байгууллага гэмт хэрэг, зөрчилд хяналт тавихаас гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд ямар ажил хийж байгаа юм бол?
-“Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээ нь 2-3 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Амьтнаа, усаа, голоо, ой модоо хамгаалъя зэрэг дэд сэдвийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлнэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлийг шалгахад анхаарах асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, зөвлөмж, мэдээлэл өгөх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг, зөрчилд оноосон албадлагын арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлэх, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
-Иргэдэд хүрээлэн буй орчноо хайрлах хамгаалах мэдлэг, ойлголт тааруухан юм шиг санагддаг. Анхааруулж хэлэхгүй бол болохгүй зүйл бий байлгүй.
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлддэг. Иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх, мөн ховор, нэн ховор амьтны жагсаалтад орсон хандгай, зэгсний гахай, аргаль, янгир, хүрэн баавгай, хулан зэрэг амьтныг агнах тохиолдол гарч байна. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 5.4-40 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-8 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Мөн дан ганц эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах, Амьтны тухай хуульд зааснаар тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож гаргуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгслийг хурааж улсын орлого болгодог. Прокурорын байгууллага 2021-2026 оны эхний зургаан сарын байдлаар ой, хээрийн түймэр тавих 26 хэрэгт хяналт тавьж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг дотроос хамгийн их хор хохиролтой уг хэргийг нь дийлэнхдээ болгоомжгүйгээр үйлддэг. Иргэний болгоомжгүй нэг үйлдэл л ой, хээрийн түймэр болсон байдаг тул хавар, намрын хуурайшилт ихтэй цаг үед үйлдэлдээ хянамгай байгаарай гэдгийг хэлье. Байгаль дэлхий маань хязгаарлагдмал нөөц баялагтай тул ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь хадгалж үлдээх нь хүн бүрийн эрхэмлэх үүрэг. Тиймээс иргэд байгальдаа ээлтэй хандаж, ургамлаа, усаа, модоо, амьтнаа хамгаалж, “Хамгаалсан байгальбидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг дэмжиж, нэгдэхийг уриалж байна.