Монгол, Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайд нарын 10 дугаар уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 1-3нд болж, гурван орны аялал жуулчлалын салбарынхан “Түмэн газрын цайны зам” олон улсын арга хэмжээнд оролцлоо. Гурван улсын аялал жуулчлал, соёл болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Түмэн газрын цайны зам” олон улсын холбоог талууд 2016 онд байгуулсан билээ. Үүний хүрээнд цайны замын өв соёлыг сурталчлах, түүхэн маршрутуудыг сэргээх зорилготой ажлуудыг хэрэгжүүлж, жил болгон салбар эрхэлсэн сайд нарын уулзалт зохион байгуулж ирсэн юм. Өнөө жилийн уулзалтаар цайны зам дагуу аялал жуулчлалын 10 шинэ маршрут баталжээ. Түүнчлэн тус холбоонд Монголоос Дархан-Уул, Төв аймаг гишүүнээр элсэж, батламж, гэрчилгээгээ гардан авчээ. Ингэснээр “Түмэн газрын цайны зам”-д манай улсаас элссэн аймгийн тоо ес болсон аж.
Н.Мишээл