Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчид Өмнөговь, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ашигтмалтмал хайх, олборлохчиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийснээ мэдээллээ. Тэд 119 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтад хамруулж, холбогдох хуулиуд болон түүнд нийцүүлэн баталсан журам, стандартын хэрэгжилтийг үнэлсэн байна. Хяналт, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 20 409 ажилтан хөдөлмөр эрхэлж буйн 2655 буюу 13 хувь нь эмэгтэйчүүд, 365 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол 918 нь гадаад, үлдсэн нь эрэгтэй ажилтан гэнэ. Шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой 953 зөрчил илрүүлэн, түүнийг арилгуулахаар улсын ахлах байцаагч нар 730 заалт бүхий 67 албан шаардлага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ.
Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт хангаагүй, дотоод хяналтын нэгжгүй зэрэг зөрчил гаргасан 33 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 79.3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн 2026 онд нийт ажилтны 10 хувиас хэтэрсэн хэмжээгээр гадаадын иргэн ажиллуулсан хоёр аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу 554.4 сая төгрөгөөр торгож, Орон нутгийн хөгжлийн санд нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна. Аж ахуйн нэгжүүдийг Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөх, хөдөлмөрлөх эрхэд хамааралтай хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байхыг албаныхан анхаарууллаа. Цаашид төлөвлөгөөт бус дээрх хяналт, шалгалтыг бусад аймаг, орон нутагт үргэлжлүүлэх аж.
О.Оргилох