Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Г.Лхагважаргал, Нэгдсэн эмнэлгийн дарга асан, өдгөө “Мон медикал” эмнэлэгт их эмчээр ажилладагД.Сэлэнгэ нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, Говь-Алтай аймгийн ИТХ-ын 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмыг зөрчин орон сууцын дэмжлэг авах шалгуур, жагсаалтад багтсан 49 эмч, ажилтны нэр дээр нэмж, Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Халдвартын тасгийн их эмч Т.Түмэнтогтох, их эмч Э.Өсөхбаяр нарыг багтаасан. Улмаар эл гурван эмчид орон сууц худалдан авах, түүний нөх цөлийг сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүрд нь 10 сая төгрөг олгох боломжийг бүрдүүлсэн аж. Уг гурван эмчийг эл жаг саалтад багтаах талаар хамт олны хурлаар хэлэлцээгүй, дэмжээгүй байхад ийнхүү давуу байдал олгосон. Ингэхдээ зарим хүний нэрийг жагсаалтаас хассан хэмээн Г.Лхагважаргал, Д.Сэлэнгэ нарыг буруутгажээ. Говь-Алтай аймгийн Сум дундын шүүх эл хэргийг хэлэлцээд уг хоёр албан тушаалтныг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хоёр сарын хугацаагаар хасаж, нэг жил нэг сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарласан байна. Ингэхдээ Г.Лхагважаргалыг Говь-Алтай аймгаас, Д.Сэлэнгийг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон аж. Улсын дээд шүүх Г.Лхагважаргал, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Харин тогтоол, магадлалд бага зэрэг өөрчлөлт оруулж, Г.Лхагважаргалын зорчих эрхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас, Д.Сэлэн гийнхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан байна.