Монголын хөгжмийн зохиолчдын холбооны долдугаар чуулган, XII их хурал маргааш Улсын филармонид болно. 200 шахам гишүүнтэй 58 жилийн түүхтэй тус байгууллагынхан дөрвөн жилд нэг удаа ээлжит чуулганаа хийж өнгөрсөн жилүүдийн ажлаа дүгнэж, удирдлагынхаа ажилд үнэлэлт өгч, гишүүдийнхээ саналаар ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаа сонгодог билээ.
“Алтан намар”, “Морин хуур” наадмаа жил бүр алгасалгүй зохион байгуулж, хөгжмийн зохиолчдынхоо том хэлбэрийн бүтээлийг Улсын санд оруулахад хувь нэмрээ оруулж яваа тус холбооныхон энэ жил баяр наадмын өмнө 400 гаруй хөгжмийн зохиолчийн намтар, уран бүтээлийг эмхтгэсэн 800 гаруй хуудастай Монголын хөгжмийн зохиолчдын түүхэн товчоог гаргахаар болжээ. Магсархурцын Дугаржаваас эхлээд орчин үеийн залуу хөгжмийн зохиолчдыг хамруулсан эл бүтээл 1989 онд орос хэлээр хэвлэгдсэн Хөгжмийн зохиолчдын лавлах толиос хойш гарч байгаа анхны бүтээл юм.
Хөгжмийн зохиолчдын холбооныхон хийж бүтээсэн ажлаа гишүүдийнхээ өмнө тайлагнаж, шинэ үеийн бүтээлүүдийн тухай санал бодлоо солилцох эл чуулганыг зохион байгуулах ажлыг тус холбооны гүйцэтгэх захирал Б.Чулуун хариуцаж буй.