Хуудас цаас, хоосон лоозонгоор хүний хувь заяаг эргүүлэх эрх хэнд ч үгүй. Харамсалтай нь тийм зүйл болжээ. Өнгөрсөн зуунд болсон нэгэн сонирхолтой үйл явдлаас сэдэвлэн зохиолч Т.Төмөр-Очир “Маш нууц” киноны зохиолыг бичсэн. Эр цэргийн албанд мордож, эргэж гэртээ харих хүртлээ 1080 хоног хатуужиж, өсөж, томоожиж, анд нөхдөө олдог байсан 40 жилийн өмнөх түүх энэ кинонд дурайна.
Залуусын царайд баярын гэгээ татсан ч дассан нөхдөөсөө салж ядан нүдэндээ нулимс дүүргэсэн дүр зургаар киноны үйл явдал эхэлдэг. Хал цэрэг, жагсаалын ахлагч буюу “Жа”, “шинэков” гээд хууччуулд бол нэлээд танил нэршил энд дурдагдана. Гурван жил цэргийн алба хаахдаа нөхөрлөлийн үнэ цэнэ, хөл нийлүүлэн алхах, мөр зэрэгцэн зүтгэх, ажиллахын утгыг ойлгосон нөхөд бие биеэсээ хагацаж ядан, нутгийн зүг хөлгийн жолоо залахын өмнө сүүлчийн жагсаалаа хийнэ.
Гэрэл зураг татуулж, эргэн уулзах ерөөл тавин салан одох мөчид нь ангийн захирагчийн өрөөний утас хангинаж “дээд” газрын тушаал буулаа. Ангийн захирагч Ядамд энэ тушаалтай эвлэрэх хэцүү байсан ч тангарагтай хүний хувиар хүлээн авахаас өөр арга байсангүй. Машины тэвшин дээр суусан залуусын дуулалдан хөгжилдөх дуу холдож амжсангүй.
Ердөө л ангийнхаа хашааны хаалга хүртэл л тэд баярласан. Гэнэт хаалга хаагдаж, жагсах тушаал өгөхөд нь үдэлтийн арга хэмжээний үргэлжлэл гэж бодсон нь эндүүрэл болж таарлаа. Социалист бүтээн байгуулалтад хүч нэмэх зорилгоор тэдний алба хаах хугацааг дахин нэг жилээр сунгасан тухай хэлэв.
Ямар гэм хийж, юуны төлөө ийн “шийтгүүлж” байгаагаа ойлгохгүй, өвчтэй ээж, хайртай гэргий, нутаг ус руугаа яарах залуус бачуурахаас өөр зүйл хийж чадсангүй. Асман цэрэг хэмээн хал цэргүүддээ гадуурхагдаж, бас шинэ цэргүүдээ хэтэрхий дэглэх тэдний яргалалд дургүйлхэх залуус гэртээ харихын тулд хүний санаанд багтамгүй зүйл хийчихсэн.
“МАШ НУУЦ” киноны хэсгээс
О.БАТ-ӨЛЗИЙ: АЛБА ХААСАН АНГИДАА ОЧИЖ КИНОНЫ ЗУРГАА АВЛАА
“Зүрхэнд шивнэсэн үг” , “Ноён солиот”, “Уулын Төмөр” , “Чиний эзгүйд” , “Хайрыг хайрла”, “Нар сарны зааг” зэрэг уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн шинэ уран бүтээл “Маш нууц” уран сайхны киноны нээлт энэ сарын 18-нд болно. Түүний шинэ бүтээлийн продюсерээр гэргий нь ажилласан бол нэгдүгээр найруулагч нь хүү Б.Тамир нь байжээ. О.Бат-Өлзий найруулагч хүүтэйгээ болон залуу уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа баяртай байсан. “Фантастик”, “Red point media”, “GIG” продакшны хамтын бүтээл “Маш нууц” киноны зохиол найруулагчийн ширээн дээр ирээд хоёр жилийг ардаа үдсэн гэнэ. Удтал хүлээсэн бүтээлээ өлгийдөн авч бэлэн болгоод буй найруулагч О.Бат-Өлзий киноныхоо тухай ийн ярилаа.
-Кино зургаа аль ангид авсан бэ?
-Зураг авах газраа өнгөрсөн жилээс хойш судалсан. Тэгж явсаар өөрийнхөө алба хаасан Хилийн цэргийн 0151 дүгээр ангид зургаа авлаа. Шинэ цэрэг байхдаа зургаан сар алба хааж, тэнд морз цохихыг сурч байлаа. Хөдөөний зургаа Төв аймгийн Сэргэлэн суманд авсан. Шоронгийн зургийг Авдрантад авсан.
-Гол дүрээ хэрхэн сонгов?
-Гол цөм маань “Фантастик”-ийн залуус. Зохиол дээр ажиллаж байхдаа л дүрүүдээ тооцоолчихсон байлаа. Гол дүр Түвдэнг сонгохын тулд нэлээд олон проб хийсэн.
-Таны өмнө нь хийсэн кинонуудаас арай өөр дүр зураг, сэдэв бас жанр юм шиг санагдах юм.
-Залуус өнөөгийн үзэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлсэн өөр өнцгийг бий болгож, харин би түүнийг дарж, хэмжээнд нь байлгахын тулд ажилласан.

-Та алба хааж байхдаа ЖА-гийн нударганы амтыг үзэж байв уу?
-Тухайн үед тийм зүйл байсан.
-1970-аад онд үнэхээр гурван жилийн цэргийн алба хаасан цэргүүдийг дахин нэг жил сунган улирааж байсан юм уу?
-Тийм түүх бий. Социалист бүтээн байгуулалтад хүч нэмэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан ард нь хүний амьдрал байгааг бодолцоогүй.
45 ЖИЛИЙН ӨМНӨХ “ҮЗМЭРҮҮД”
1970-аад оны цэргийн амьдралыг харуулсан энэ кинонд зураачийн үүрэг чухал байр суурь эзэлнэ. Учир нь тухайн үеийн хувцас, хэрэглэл, эд зүйлсийг нарийн нандин цуглуулгатай, гарын уртай нэгэн бүтээхгүй л бол өнөө цагт бидний хэрэглэж байгаа зүйлсээс асар их ялгаатай. Орос голдуу хувцас өмсөж, аяга шаазан, буу гээд бүх зүйлсээ хойд хөршөөсөө базааж байсан үеийн дүр зургийг бий болгох ажлыг ерөнхий зураач Н.Батжаргал хариуцсан.
Тэрбээр “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Чин ван Ханддорж”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Бодлын хулгайч”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг 57 уран сайхны киноны зураачаар ажилласан туршлагатай.
Бараг л музей байгуулахаар хэмжээний “эртний” эд зүйлс түүнд бий.
ЗУРАГЛААЧИЙН УР
Залуу зураглаачийн гүйцэтгэлийг мэргэжил нэгтнүүд нь хараад дуу алдаж байсныг энд онцлох нь зүй. Өнгө шүүлт, зураг авалт гээд мэргэжлийн хүний нүдээр өөлөгдөж болох олон шалгуурыг “Маш нууц”-ынхан торолгүй давсан.
“Red Point media”-гийн захирал Г.Гүенбаатарыг киноны уран бүтээлчид андахгүй. Бага байхаасаа энэ урлагт дурлаж, О.Бат-Өлзий найруулагчийн хэд хэдэн кинонд туслан оролцож байсан гэнэ. Харин энэ удаа мэргэжлийнхээ ур чадварыг бүрэн утгаар нь гайхууллаа. Радио, телевизийн дээд сургууль дүүргэсэн түүний хувьд анх удаа уран сайхны киноны ерөнхий зураглаач хийсэн тохиол энэ. Өмнө нь “Миний ах атаман”, “247 градус” уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байжээ.
Түүнд зураглаач Д.Ангараг баяр хүргэж байхыг киноны урьдчилсан үзлэгийн үеэр нүдээр харснаа дурдах нь зүй.
ХЭРГИЙН ЭЗЭД
Энэ кинонд залуусын нөхөрлөл, хайр дурлал, өш хонзон, амьдралын үнэн, чин хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл гээд амьдралд хөл тавихад тохиодог алаг эрээн бүхэн багтсан байгаа. Киноны гол дүрд “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Э.Одбаяр, түүний дурлалт бүсгүйд УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн тогложээ.
Хайрын гурвалжин энэ кинонд ч “буурь засаж”, жүжигчин Ж.Алтаншагай Цоодол хэмээх жагсаалын ахлагчийн дүрээр Сийлэгмаа бүсгүйд дурлан, Түвдэнг дээрэлхэж, бүх алдааны эхлэлийг тавьдаг. Харин гэртээ харина гэж эсэргүүцсэнийхээ төлөө сахилгад орсон Хурцгэрэлийн дүрд Б.Тамир тогложээ. Нэгдүгээр найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө кинондоо тоглож, сэтгэл эмтрүүлэм эмгэнэлтэй хувь заяатай залууг бүтээх түүнд амаргүй байсан байх.
Өмнө нь “Амингоо”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Хар сувдны нууц” киног найруулаад амжсан түүнийг аав нь өмнө нь нэг их магтаж байгаагүй ч энэ удаа харин нэлээд тоож байсан. Хүүдээ өөрт нь хэлээгүй ч “Миний хүүд ирээдүй байна, болж байна” гэж энэ удаа О.Бат-Өлзий хэлж байсан шүү.
Залуус голдуу тоглосон ч туслах дүрд нь Төрийн шагнал Ц.Төмөрбаатар, түүний дүү Ц.Төмөрхуяг, жүжигчин Г.Золбоот гээд туршлагатай шилдэг жүжигчид тоглосныг хараад найруулагч О.Бат-Өлзийг бүтээлдээ уран шаглаа нэмжээ гэж ойлгосон. Гол дүрээ тодруулж, түүнийг илүү хүчирхэг болгох үүргийг туслах дүрүүд хүлээдэг.
Бүх нууцыг нь задалбал юу болохсон билээ. Хагас зууны тэртээ задраагүй нууц одоо л кино болон амилж, таны мэлмий, оюуныг мялаах гэж байхад тайллыг танд санал болговол алдас болно. Есдүгээр сарын 18-наас хойш заавал үзэх киноныхоо жагсаалтад “Маш нууц”-ыг багтааж, морилон саатаарай.
Ж.СОЛОНГО