
Хориод жилийн тэртээ Азийн хүүхдийн урлагийн их наадамд оролцож, авьяас чадвараараа олны хүндэтгэлийг хүлээсэн Б.Санжаажав хэмээх хүү ярилцлагадаа “Би Монголынхоо үндэсний хөгжим морин хуурыг дэлхийд таниулан, сурталчлахын төлөө хичээнэ” гэж дурджээ. Тэгвэл хүүгийн мөрөөдөл хэдийнэ биеллээ олж, Австрийн Вена хот дахь Ф.Шубертийн нэрэмжит консерваторид түүний санаачилгаар морин хуурын анги нээх болсон тухай сайхан мэдээ байна.
Тэрбээр “Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг морин хуур дэлхийн сонгодог хөгжимтэй эн зэрэгцэн эгшиглэх цаг ирлээ. Ф.Шубертийн нэрэмжит консерваторийн сургалтын хөтөлбөрт морин хуурын анги нээж, бакалаврын түвшинд сургах болов. Миний санаачилсан төслийг тус консерваторийн Удирдах зөвлөл, сургалтын албаныхан хэлэлцсэний үр дүнд морин хуурын анги нээх шийдвэр гаргасан. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард тус сургуулийн захирал, хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм.
Ингэснээр морин хуурыг минь сурахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирэх хүмүүс монгол ахуй, соёл урлагтай танилцах боломж нээгдэж байна. Ингээд зогсохгүй Монголын аялал жуулчлалын салбарт ч ач холбогдолтой. Дэлхийн их, дээд сургуульд морин хуурыг бакалаврын түвшинд эзэмшүүлэх болсон анхны тохиолдол энэ юм. Тиймээс эл мэдээлэл монгол хүн бүрийн сонорт хүрээсэй гэж хүсэж байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн Б.Санжаажав 2012 онд Венийн консерваторид уригджээ.
Тэндээ гурван жил сураад, өнгөрсөн жил Ф.Шубертийн нэрэмжит консерваторид шалгалт өгч тэнцсэнээр анхны монгол оюутан нь болсон түүний ээж, соёл судлаач Ц.Алтанцэцэгтэй холбогдоход “Хүү маань өнгөрсөн жил Ф.Шубертийн нэрэмжит консерваторид элсэж, хөгжим судлаачаар сурч байгаа.
Сурахын хажуугаар морин хуурыг дэлхийн хөгжим болгохоор их том ажил эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж байгаад баярлаж, бахархаж сууна. Тус сургуулийн захирал морин хуурын анги нээж, бакалаврын зэрэгтэй сургах болсон талаараа өнгөрсөн жилээс мэдээлэл түгээсний дагуу одоогийн байдлаар найман орноос хүсэлт ирүүлсэн гэж сонслоо” гэж ярилаа.
Дашрамд, Австрийн хөгжмийн багш Эдуард Хорак 1867 онд Вена хотод хөгжмийн урлагийн заах арга зүйн сургууль нээсэн нь 1941 онд хөгжмийн дээд сургууль буюу консерватори болтлоо хөгжсөн бөгөөд улмаар 1979 онд алдарт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит болгосон түүхтэй аж. Мэргэжлийн уран бүтээлчдийг 150 жилийн турш бэлтгэж буй эл сургууль дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг юм билээ.