
Эрүүл мэндийн яамны байран дээр албаныхан коронавирусийн цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д 700 гаруй тохиолдол бүртгэгдэж нөхцөл байдал хүндэрлээ. Манайд улсад Өмнөд Солонгосоос өдөрт 1000 орчим иргэн ирж байгаа учир тархах эрсдэл өндөр байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцлах эсэх талаар Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болно" гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ. БНСУ-д гурав хоногийн дотор 700 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 73 хувь нь сүмийн цуглаанаас тархсан байна" гэв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "БНХАУ шинэ коронавирусийн халдварыг хаврын баярын үеэрээ алдаа гаргасны улмаас өнөөдөр нөхөж баршгүй хохирол амсаад байна. Бусад улс орны хувьд хүн ам олон, нягтаршил ихтэй тул төвөгтэй байдалд байна. Манай улсын хувьд зөв мэргэн, шийдвэрийг цаг алдалгүй гаргаснаар нөхцөл байдлыг даван гарах боломж бий гэж харж байна. Тиймээс иргэд та бүхэн маань сар шинээр айлаар зочлохгүй, олон хүний газраар явахгүй байхыг хүсэж байна" гэлээ.