Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон буюу ССАЖЗЯ, нийслэлийн ЗДТГ-ынхан enaadam.mn сайтаар дамжуулан наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны 26 000 гаруй тасалбарыг өчигдөр өглөө зургаахан минутын дотор “шууруулж” дээд амжилт тогтоосон гэнэ. Нэг секундэд дунджаар 70 гаруй тасалбар борлуулсан аж. Наадам зохион байгуулагчид “УИХ-ын гишүүд, сайд, дарга нараас эхлээд бүх хүнд баярын тасалбарыг тогтсон нэг ханшаар худалдана”, “Нэг хүнд хоёроос олон тасалбар олгохгүй” гэхчлэн эртнээс сайн сайхан зүйл ярьж, сүрийг үзүүлсэн ч түүнийгээ бодитоор хэрэгжүүлж чадсангүй. Жилийн жилд үүсдэг өнөөх л системийн доголдол, “шог” хуваарилалт, дүр эсгэсэн мэдэн будилалт давтагдлаа.
Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр өчигдөр “Наадмын тасалбар цахимаар худалдан борлуулах үйл явцыг тагнуул, цагдаагийн байгууллага хянасан. Нэг хаягнаас олон тасалбар худалдаж авах боломжгүй. Дээд тал нь хоёрыг авах зохицуулалттай. Тасалбар бөөнөөр нь авсан тохиолдолд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ” хэмээн хоёр үзүүртэй зүйл ярилаа. Сайдыг ийнхүү хаяагаа манасан тайлбар хэлж зогсохуйд шагчид амандаа орсон үнээр наадмын тасалбар борлуулж эхэлсэн байлаа. Нэг хүнд хоёроос дээш тасалбар олгох боломжгүй гэх сайдын мэдэгдлийг цахим сүлжээнд цаг тутам хөврөх тасалбартай холбоотой зар няцааж, үгүйсгэж байсан юм. Наадмын комиссынхон Төв цэнгэлдэхийн суудлын байршлаас шалтгаалан нэг тасалбарыг 84-157 мянган төгрөгөөр худалдсан бол дамлан зарагчид энэ ханшийг 500 мянгаас нэг сая төгрөг хүртэл өсгөлөө. Наадам дөхөх тусам энэ үнэ тэнгэрт хадах нь нэгэнт тодорхой болов.
Төрийн үйлчилгээг цахимжуулчихвал л бүх зүйл хүнээс хамааралгүй, шударга сайхан болчихно гэдэг нь эндүү ташаа зүйл гэдгийг наадмын тасалбарын онлайн худалдаа бидэнд нотлон харуулсаар байна. Цахим систем хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг сайн талтай ч бүтээгч, удирдагч эздэдээ ямагт давуу байдал олгож байдаг “но”- тойг мартаж болохгүй. Наадмын тасалбарын наймааг эцэслэе гэвэл хяналт, удирдлагын тогтолцоогоо өөрчилж, цахим системийн нөлөөллийг хязгаарлахаас өөр зам үгүй.
Ж.Сувд