“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХКийн албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ. Тус компанийн Санхүү, удирдлагын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мягмарбаяр нь ямар ч эдийн засгийн тооцоо, төлөвлөлтгүйгээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Даваасамбуугийн эзэмшлийн “Өгөөж гурил” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан аж. Бидэнд олдсон мэдээллээр “Өгөөж гурил” ХХК-иас ирүүлсэн төмрийн хүдэр тээвэрлэх гэрээний үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн 2023 оны сүүлчээр баталгаажуулсан гэнэ. Ингэснээрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д 539.2 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгуулсан юм байна. Б.Мягмарбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ынхан дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн гэнэ.