Японы иений ханш өнгөрсөн мягмар гарагт 0.2 хувиар суларч, ам.долларын эсрэг 161.98 болсноор 1986 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. АНУ-ын валютыг дэлхийн гол зургаан мөнгөн тэмдэгттэй харьцуулсан индекс өнөөгийн байдлаар 0.03 хувиар өсөж, 101.17-д хүрсэн бөгөөд цаашид 1.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Японы Сангийн сайд Сацүки Катаяма шаардлагатай тохиолдолд эрх баригчид зохих арга хэмжээ авахад бэлэн байгааг мэдэгдсэн юм. Японы Төвбанк бодлогын хүүгээ өсгөөд удаагүй ч энэ нь АНУ-ынхаас үлэмж доогуур хэвээр тул өгөөжийн зөрүү ам.долларыг илүүд үзэх нөхцөлийг бүрдүүлжээ. Хөрөнгө оруулагчид бага хүүтэй иенээр зээл авч, өндөр ашигтай валют руу хувиргах замаар арилжаа хийж байгаа гэнэ. Японы эрх баригчид дөрөв болон тавдугаар сард үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалахаар нийт 11.7 их наяд иен буюу 72.25 тэрбум ам.доллар зарцуулсан ч төдийлөн сайжраагүй байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлого боловсруулагч 19 гишүүний ес нь бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх магадлалтай хэмээсэн нь ам.долларын ханшийг улам өсгөсөөр байгаа аж. Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны Валютын болон хөгжиж буй зах зээлийн стратегийн албаны дарга Жэймс Лорд “АНУ болон бусад томоохон эдийн засгийн өсөлтийн зөрүү тэлж, газрын тосны үнэ нэмэгдэж эхэлсэн нь ам.долларын ханш чангарахад голчлон нөлөөлсөн. Түүнчлэн хиймэл оюуны хөгжлийн өөдрөг хүлээлтээс шалтгаалан дотоодын хөрөнгийн зах зээл эрчимжиж, хөрөнгө оруулагчдын урсгал АНУ руу чиглэх болсон нь ч мөн хамаатай” хэмээн онцолжээ.
Д.Сэлэнгэ