“Залруулж болох сорилт болохоос биш, амьдралын сорилт биш”. Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтад тааруу оноо авсан төгсөх ангийн сурагчдад ийм “сургамж” хайрлалаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтын дундаж оноо улсын хэмжээнд урьд жилүүдийнхээс эрс доогуур гарсан нь зөвхөн төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүл, ойр дотнынхны асуудал төдий бус, манай улсын боловсролын салбарын гажуудал, доройтлыг илчлэн харуулсан явдал байлаа. Тийм ч учраас их, дээд сургуулийн эрдэмтэн, профессоруудаас эхлээд ерөнхий боловсролын сургуулийн багш нар, судлаач, мэргэжилтнүүд энэ удаагийн элсэлтийн шалгалтын үр дүнд ихэд “эмзэглэж”, сургалтын арга барил, агуулга, хөтөлбөрөө сууриар нь эргэж харах цаг болсныг дуу нэгтэй санууллаа. Гэтэл Боловсролын сайд нь “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлого, бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлаад, “Элсэлтийн шалгалт бол амьдралын сорилт биш” гэж бухимдсан олныг тавлалаа. Боловсролын салбарт яг одоо ийм уянгын халил, хий хоосон хөөрхийлөл бус, бодитой өөрчлөлт хэрэгтэй байна.
Элсэлтийн шалгалт бол төгсөгчдийн ерөнхий мэдлэгийн түвшнийг сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх ур чадваруудаар үнэлдэг сорил юм. Шалгалтын материалын агуулгыг ерөнхий мэдлэгийн хүрээнд, даалгаврыг нь дундаж түвшинд боловсруулдаг ч сурагчдын гүйцэтгэлийн хувь, улсын дундаж оноо тааруу гардаг нь манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар тэр хэрээр муу байгаагийн илрэл гэж хэлж болно. Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2021 онд хийсэн Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн болон 2022 онд гүйцэтгэсэн Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ (PISA)-ний үр дүн зэргээс монгол хүүхдүүдийн суралцах чадамж, суурь ур чадвар, эзэмшвэл зохих ерөнхий мэдлэгийн түвшин дунджаас эрс доогуур буй нь тогтоогдсон. Үүнд үндэслээд энэхүү шалгалтыг удирдан зохион байгуулсан, мэргэжил, арга зүйгээр хангасан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Австралийн боловсролын судалгааны зөвлөл (ACER)-өөс монгол хүүхдүүдийн суурь болон ерөнхий чадамжийг бага наснаас нь хөгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн байдаг. Нэг ёсондоо сурагчдыг нэг удаагийн элсэлтийн шалгалтад зориулж их, дээд сургуульд элсүүлэхийн төлөө бэлдэх бус, суурь ур чадвар, мэдлэг эзэмшүүлэхэд багаас нь анхаараач ээ гэсэн сануулгыг бидэнд өгсөн юм. Харамсалтай нь, манай улс үүний мөрөөр дорвитой арга хэмжээ авалгүй хий дэмий шогширсоор дөрвөн ч хичээлийн жилийн ард гарав. Бага боловсролын сургалтын хөтөлбөрөө шинэчилнэ гэж удтал ярьж, маргаж мэтгэлцсэний эцэст энэ онд арайхийн баталлаа. Хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх нь одоохондоо оньсого хэвээр.
Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг Боловсролын сайдын А/46 дугаар тогтоолоор 2025-2026 оны хичээлийн жил дуусахтай уралдан, өнгөрсөн тавдугаар сард баталсан. Үүнийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, сүүлийн хоёр жилд түшиц сургуулиудад туршилтаар хэрэгжүүлснийг Боловсролын ерөнхий газрынхан дурдсан юм. Харин ирэх хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 1-2, 2027-2028 оны хичээлийн жилээс 3-5 дугаар ангид хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хоёр хүрэхгүй сарын дараачаас эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх нь. Гэтэл үүний бэлтгэл ажил зуун задгай, сургуулиуд болон багш нар нэгдсэн чиглэл, ойлголтгүй байна. Сургалтын хөтөлбөрийн шинэ чилсэн агуулга, сурах бичгийг ч албан ёсоор багш нарын гарт хүргээгүй байгаа аж.
Боловсролын яам болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн хамтран шинэ сурах бичиг боловсруулах, багш нарыг чадавхжуулж бэлтгэх, нэгдсэн арга зүйгээр хангах ажлыг идэвхийлэн хийж байгаа нэртэй ч бодит байдалд ам, ажил нь алд дэлэм зөрсөөр.
Ирэх есдүгээр сарын 1 гэхэд ерөнхий боловсролын сургуулиуд шинэ сурах бичиггүй, багш нар нэгдсэн бодлого, чиглэлгүй “сууж” байж ч мэдэх нь. Тэгвэл шинэ хөтөлбөрөөр хичээллэх I, II ангийнхан энэ үл ойлголцлын “манан” дунд дахиад л туршилтын туулай болж хохирч болзошгүй.
Өнгөрсөн жилүүдэд бидний гаргасан гол алдаануудын нэг нь энэ шүү дээ. Сүржин нэртэй, айхавтар том зорилготой хөтөлбөр баталдаг ч түүнийгээ хөрсөн дээр буулгаж чаддаггүй. Хэрэгжилтийг нь бодитоор үнэлж, бодлогын түвшинд зангидаж хүчирдэггүй. Багш, сурган хүмүүжүүлэгчдийг нэгдсэн арга зүйгээр хангаж, ижил гараанд аваачиж дийлдэггүй. Энэ уялдаа холбоогүй байдлын дунд хүүхдүүд гээгдэж хоцордог. Үр дүнд нь мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх, хамтран суралцах суурь ур чадваргүй, уншсанаа ойлгох, нэгтгэн дүгнэх чадамжгүй хүүхдүүд бий болж, элсэлтийн шалгалт зэрэг дундаж түвшний сорилд бөөн бөөнөөрөө өвдөг шорооддог. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, үл хайхралын үр дүн ирэх жилүүдийн элсэлтийн шалгалтаар ч энэ удаагийнх шиг илэрнэ. Үүнийг засаж залруулъя гэвэл хүний насан туршийн суралцах, хөгжих үйл явцын суурь болсон бага боловсролын хөтөлбөрөө цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй цахим эринд хуучинсаг арга барилаас татгалзаж, хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх уян хатан хөтөлбөр лүү шилжих нь нэн чухал. Шинэчиллээ, шилжлээ гээд орхих бус, түүнийгээ бодитоор хэрэгжүү лэх хөрс суурийг бэлдэх нь ч зайлшгүй шаардлага.
Бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрт олон гоё амлалт, өөдрөг төсөөллийг тусгажээ. Монгол хүүхдүүдийн дүр төрхийг “Үндэсний уламжлал, ёс заншлаа өвлөн хөгжүүлдэг соёлыг уламжлагч”, “Ардчилсан, хү мүүнлэг иргэний нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулдаг хүнлэг иргэн”, “Бие дааж, насан туршдаа суралцдаг суралцагч иргэн”, “Нийгмийн болон гэр бүлийн хариуцлагатай гишүүн”, “Хүн төрөлхтний соёлыг хүндэтгэдэг, олон улсын соёлыг хүндэлдэг дэлхийн хүн” гэхчлэн тодорхойлжээ. Үүнд нийцүүлэн суралцагчдын эзэмших суурь болон ерөнхий чадамжийг тодорхойлсон байна. Эх хэл, бичиг үсэг, математик, гадаад хэл, шинжлэх ухаан, бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролтой холбоотой агуулгыг суралцагчдын заавал эзэмших суурь чадамжид чиглүүлэх гэнэ. Харин ерөнхий чадамжид бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, суралцахуйд суралцах, сэтгэл хөдлөлөө удирдах, үндэсний болон дэлхийн соёлоос суралцах зэргийг багтаасан байна. Товчоор дүгнэвэл, эх хэл, бичиг болон тоо тооллын суурь чадварыг чанартай эзэмшүүлэх зорилгыг нэгдүгээрт тавьж, монгол уламжлал, түүх, соё лын мэдлэгийг сургалтын агуулгад гүнзгий тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсролыг шинэ судлагдахуунаар томьёолж, хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, харилцаа, ёс зүйн төлөвшилд онцгой анхаарахаар тусгажээ. Үүний үр дүнд PISA үнэлгээгээр илэрсэн нийтлэг алдаа дутагдал, муу үзүүлэлтүүдийг өөрч лөх боломжтой аж. Гэвч давын өмнө хоёр том сорилт байгаа нь сурах бичгийн шинэчлэл, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл явц юм.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор сурах бичиг боловсруулах, хэвлүүлэх ажил ихээхэн хэл ам дагуулж буй гэнэ. Сурах бичиг зохиогчид, хэвлэлийн компанийнхан “төр уйтгартай ном үйлдвэрлэдгээ больж, энэ ажлыг чөлөөт өрсөлдөөний зарч маар хувийн хэвшилд даатгах хэрэгтэй” хэмээн шахаж шаардаж эхэлсэн бол яам, агентлагийнхан “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашсан нь дээр” гэхчлэн байр сууриа хамгаалж байгаа сурагтай. Ингэж явсаар шинэ хөтөлбөрийн агуулгад нийцсэн сурах бичиг боловсруулах ажил цалгардаж, гажуудах вий гэсэн болгоомжлол бий боллоо. Тэгэхээр юуны түрүүнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн агуулга, үзэл санаанд яв цав уялдсан чанартай номыг намраас өмнө бэлэн болгох асуудал тулгамдаж байна. Хоёрдугаарт, багшаа бэлдэж, заах арга зүйн шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага ч тулгарлаа. Ингэж чадаагүй цагт хэчнээн гоё хөтөлбөр батлаад ч нэмэргүй, багш хичээлээ хуучнаараа зааж, сурагчид ч өмнөхийн адил хоцордгоороо хоцорно. Боловсролын хөтөлбөрийн шинэчлэл сайдын тушаалаар биш, сурах бичгийн хүртээмж, сургалтын арга зүй, багшийн ур чадвар, анги танхимын хүрэлцээ гээд бодитой бэрхшээлүүдийг хэрхэн шийдэхээс хамаарч үр дүн нь хэмжигдддэг гэдгийг мартаж болохгүй. Тийм ч учраас учир мэдэх хүмүүс бага боловсролын хөтөлбөрийн шинэч лэлийг суурь бэрхшээлүүдээ шийдэх ажилтай зэрэгцүүлэн авч явах ёстойг зөвлөж, багшийн ачаалал, дэд бүтцийн ялгаатай болон засаглалын тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс үеийн үед бодлогын шинэчлэлд чөдөр тушаа болж ирснийг анхааруулсаар байна.
Н.Мишээл