Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам эхлэхэд есөн хоног үлдээд байна. Өнгөрсөн гуравдугаар сард тодотгосон нийслэлийн 2026 оны төсвийн мэдээлэлд дурдсанчлан энэ жил бид 9.3 тэрбум төгрөгөөр наадамлах нь. Энэ нь бүх цагийн үеийн хамгийн өндөр дүн юм. Харин зарим мэдээллийн хэрэгсэлд үүнийг 10.5 тэрбум хэмээн мэдээлжээ. Өнгөрсөн сард нийслэлийн парламент төсвөө хоёр дахиа тодотгосон бөгөөд одоогоор олон нийтэд ил болгоогүй уг нэмэлт, өөрчлөлтөөр 9.3 тэрбумаа нэмсэн байх магадлал тун өндөр. Мөн наадмын нийт төсвийн зарим хэсгийг ССАЖЗЯ-наас гаргадаг. Тэгэхээр уг тоо оргүй ч юм биш. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээг долоодугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт 4.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар тусад нь төсөв мөн хуваарилсан байх жишээтэй. Мөн саяхан зохион байгуулсан Даншиг наадмын нийт төсөв хэд байсан нь тодорхойгүй ч түрүүлж, үзүүрлэсэн бөхөд 30, 20, их шөвгийнхөнд 14, дунд шөвөгт үлдвэл тус бүрд нь дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардуулсан гэхээр ямархуу дайны мөнгө цацсан нь ойлгомжтой.
Дөрөвдүгээр сард баталсан Засгийн газрын 143 дугаар тогтоолд дурдсанчлан Дундговь, Завхан, Сүхбаатар, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх, хурдан морины 2026 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахаар болсноос үзвэл баярлаж наадах төсөв цаашид хэд болж нэмэгдэхийг таамаглах арга алга.
Одоогоос 10 жилийн өмнө 2.9 тэрбум төгрөг байсан наадмын төсөв өдгөө 3.2 дахин өсөөд буй. Хачирхалтай нь, 2020, 2021 он буюу цар тахлын үед үзэгчгүй наадам зохион байгуулсан мөртлөө нийт 5.5 тэрбумыг “үрсэн”. Үндэсний их баяр наадмыг жил бүр хэчнээн төгрөгөөр зохион байгуулж буй талаар нэгдсэн, албан ёсны тоон мэдээллийг албаныхнаас тодруулахад тал тал руу “чулуу хөөлгөсөөр” таардаг нь учиртай. Энэхүү төсвийг яг юу юунд зарцуулж, тасалбар борлуулснаас хэчнээн төгрөг олдог нь үргэлж тодорхой бус байдаг.
Иргэд нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж, бүсээ чангалж байхад “дээдсүүд” наадах төсвөө тооны баримжаагүй огцом өсгөдөг нь эцсийн дүндээ та, бидний халааснаас гардгийг саная.
Д.Хэрлэн